“Хоггүй хот” хөдөлгөөнд байгууллагууд нэгдэж, идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-05 14:09:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ахлагчдын зөвлөлөөс санаачлан "Мандалговь хотдоо хоггүй эрүүл орчныг хамтдаа бүтээцгээе” хэмээн уриалж “Хоггүй хот” хөдөлгөөн эхлүүлэн байгууллагууд нэгдэж эхэллээ.

Үйл ажиллагааг санаачлагч байгууллагын алба хаагчид аймгийн угтах хаалганаас цагдаагийн пост хүртэл зам дагуух хогийг цэвэрлэж, Байгаль орчин аялал жуулчлалын газрыг 72 цагийн дотор тус хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар энэхүү хөдөлгөөнийг  дэмжин нэгдэж, Цагдаагийн постоос Хүүхдийн парк хүрэх зам дагуух хогийг цэвэрлэсэн ажээ.

Тус байгууллага дараагийн дуудах байгууллагаараа аймгийн ЗДТГ-ыг сонгож, тус дуудлагыг 72 цагийн дотор хүлээн авч, хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа аж.

Ийнхүү ОБГ-ын алба хаагчдын санаачилсан “Хоггүй хот” хөдөлгөөн үргэлжилбэл тус аймгийн төвд байрлах  21 агентлаг болон Сайнцагаан сумын харьяа сургууль, цэцэрлэг гээд нийт 30 гаруй байгууллага, мөн хувийн хэвшил, ТББ-ууд идэвхтэй оролцвол Мандалговь хот хоггүй цэвэр цэмцгэр хот болоход ойрхон байна.  

Холбоотой мэдээ