Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-08 10:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх боллоо.


Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд, яамд 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга долоон төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгохоор заасан. Гэвч одоогийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. Дээр нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээр шинэ зөвшөөрөл бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах нь түгээмэл болжээ. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, шинээр зөвшөөрөл бий болгохыг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан байна.


Хууль нь үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахаас сэргийлж,  үйл ажиллагаа эрхлэх, нийтийн зориулалттай өмч, эд зүйл эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм. Мөн хуулиас гадуур тусгай зөвшөөрөл бий болгож иргэдийг чирэгдүүлдгийг хориглох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, цуцлах, сэргээх зэрэгтэй холбоотой журмыг нарийвчлан тогтооно. Түүнчлэн зөвшөөрлийн ангиллаас хамаарч зөвшөөрөл олгох нийтлэг хугацааг уртасган тогтоож, зөвшөөрөлтэй холбоотой хяналт-шалгалтын давхардал, хүнд суртлыг арилгах юм. Хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн тоо хоёр дахин багасах аж.

Холбоотой мэдээ