“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
dusem11@yahoo.com
2019-04-08 14:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уул уурхайн “Mongolia Mining 2019” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 10-12-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэ тухай зохион байгуулагчид нь “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.


Үзэсгэлэнд Австрали, Чех, Канад, АНУ, Герман, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Швед, Турк, БНСУ зэрэг 20 гаруй орны 150 орчим компани, ханган нийлүүлэгч оролцож, техник технологи, үйлчилгээгээ танилцуулах аж.


Ес дэх удаагаа буюу 2011 оноос жил бүр зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэнгийн талаар Зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга: Энэ удаа “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил” сэдвийн дор болох юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд хайгуулын болон ашиглалтын лицензээс гадна "нийгмийн лиценз" хамгийн чухал. Өнөө үед уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд тухайн компанийг нийгэм дэмжин, хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон. Иймд тухайн компани аюулгүй байдлаа хангах, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн олон үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж байж уул уурхайн компаниудын эерэг нөлөө давамгайлснаар урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Монгол Улсын хувьд, уул уурхай нь эдийн засгийн тулгуур гол салбар учраас тогтвортой ажиллах ёстой. Бид өмнөх жилүүдэд үзэсгэлэнгийн талбайн хувьд, Буянт-Ухаа спортын ордны бүх талбайг дүүргэж ашигладаг ч хүрэлцдэггүй. Жил ирэх тусам уул уурхайн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ нэмэгдсээр байна. Бид энэ удаа үзэсгэлэнгийн талбайгаа эрэлтийн дагуу нэмэгдүүлж спортын ордны дэргэд майхан бaрьж, 40 орчим компани бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.


УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар, МҮХАҮТ-аас тус үзэсгэлэнг байнга дэмжин хамтран ажилладаг. “Mongolia Mining 2019” үзэсгэлэнг үзэж сонирхохоор уул уурхайн салбарын 2500 гаруй ажилтан урьдчилан бүртгүүлж, зочид болон оролцогчдын мандатыг олгоод байгаа аж. Үзэсгэлэнгийн өдрүүдэд энэ тоо 2-3 дахин нэмэгддэг байна. Иймд шинээр ирэх зочдыг танхимын гол хаалганы дэргэд бүртгэх юм. Манай улсад 4-5 мянган компани уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бөгөөд хамгийн шилдэг, хамгийн олон жил тогтвортой ажилласан компаниуд энэ үзэсгэлэнд оролцдог уламжлал тогтжээ. 


Ашигт малтмалын газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр: Уул уурхайн хайгуулын буюу нийт тусгай зөвшөөрлийн тоо 3009 байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1679-д хүрсэн /55 гаруй хувь/ нь уул уурхайн салбарын хөгжлийн хурд ямар байгааг харуулж байна. Үзэсгэлэнд үйлдвэрлэгчид биеэр ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг нь хамгийн том давуу тал гэж болно. Үйлдвэрлэл өсөхийн хэрээр анхаарал хандуулагчдын тоо нэмэгдсэн, ирээдүйд ч үйлдвэрлэл улам эрчимжинэ. Өнгөрсөн онд нүүрс олборлолт 46 сая тоннд хүрч, түүхэн дээд амжилтыг тогтоосон. Цаашдаа ч өсөх нь тодорхой. Уул уурхай, хүнд үйлдвэр, зам барилгын салбарт ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах ямар боломж байгааг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой” хэмээн онцлов.


Дашрамд дуулгахад, Баянгол, Шангри-Ла зочид буудлаас “Буянт-Ухаа” спортын ордон руу автобусаар тогтмол цагт үнэ төлбөргүй үйлчлэх юм. 

Холбоотой мэдээ