Хөдөөгийн 16 сумын цэцэрлэгт гэр хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг хөдөө орон нутгийн малчдын хүүхдүүд эзэлж байгааг харгалзан сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор “Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн 16 сумын цэцэрлэгт гэр хүлээлгэн өгөв.
Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа чухал байдаг. Тэгвэл сумдын гэр цэцэрлэгийн ашиглалтын хугацаа дууссан учраас сүүлийн жилүүдэд малчдын гэрийг түрээслэн авч, үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэгвэл одоо сум бүр 1-2 гэр цэцэрлэг ажиллуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгааг салбарынхан онцоллоо.
Хөдөөгийн 16 сумын цэцэрлэгт гэр нийлүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Очирбуян өргөө” ХХК гүйцэтгэсэн байна.
Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 32, хувийн өмчийн 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80 гаруй хувь буюу 7800 гаруй хүүхэд хамрагдаж байгаа юм.