Гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-09 22:47:57

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 50 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн маргаантай холбоотой 68 нэхэмжлэл ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14-өөр өссөн байна.

Харин Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2018 оны бүтэн жилийн байдлаар гэр бүлийн эрх зүйн маргаан 18 иржээ. Гэр бүлийн маргаан нь гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, архи хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь гэр бүл салалтад гол нөлөө үзүүлж байна.

Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 57 хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Гэр бүл цуцлалтаас хохирогч болж үлдэх хүүхдийн тоо ч нэмэгдэж байна. Жишээ нь  2016 онд 76  бүтэн өнчин, 930 хагас өнчин хүүхэд бүртгэгдсэн бол 2018 онд энэ тоо 10 гаруй хувиар нэмэгдсэнийг албаны хүн мэдээлэв.

Дашрамд, аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг цэгийн үйлчилгээний төвөөр өнгөрсөн жил хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 27 иргэн хамгаалалт авч байнгын байрласан бол 50 гаруй иргэн зөвлөгөө үйлчилгээ авчээ.

Холбоотой мэдээ