БНХАУ-ЕХ харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-10 09:39:02

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Мягмар гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан БНХАУ, Европын Холбооны удирдагчдын жил тутмын уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг бэхжүүлж, худалдааны олон талт бодлогыг дэмжихээр тохиролцсон байна.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск болон Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар БНХАУ-ЕХ-ны удирдагчдын 21 дэх уулзалтыг хамтран даргалжээ.


Харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны олон талт бодлогыг баримталж, нээлттэй эдийн засгийг цогцлоохын тулд худалдааны хамгаалах хийгээд нэг талт бодлогыг эсэргүүцэж, дэлхий нийтийн засаглалыг сайжруулж, энх тайван, тогтвортой байдлыг хадгалах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн байна.


Уулзалтын үеэр удирдагчид дэлхийн нийтийн энх тайван, өсөлт, шинэчлэл, хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэдгээ дахин нотлоод, 2020 он хүртэлх хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрөө баталжээ.


Ли Көцян хэлэхдээ, БНХАУ-ын дарга Си Жиньпиний өнгөрсөн гуравдугаар сард Итали, Монако, Францад хийсэн айлчлал амжилттай болж, БНХАУ-ЕХ-ны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргасан гэжээ. Мөн тэрбээр, Хятад улс Европт өндөр ач холбогдол өгч, Европын интеграцийг дэмжиж, харилцан ашигтай байдлыг эрхэмлэн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлсээр ирсэн хэмээн онцолсон байна.


"Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, улам төвөгтэй болж байгаа энэ үед ЕХ БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байна" гэж Д.Туск, Ж.Юнкер нар тэмдэглэсэн байна. Талууд мөн олон улс, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцжээ.


Уулзалтын дараа хоёр талын удирдагчид эрчим хүч, өрсөлдөөн зэрэг олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна. 

Холбоотой мэдээ