Хаврын бүтээлч хөдөлмөрийн аяны хүрээнд 18 ажил зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын санаачилгаар "Хаврын бүтээлч хөдөлмөрийн аян-2019" өрнүүлж байна. Тус аяны үйл ажиллагаа энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
Аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, сумын Засаг дарга Ц.Ганданповрон, сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Ц.Лувсанлхамо нар оролцож, хаврын бүтээлч хөдөлмөрийн аяны онцлог, зорилго, зорилтыг иргэд, олон нийтэд танилцуулан, уг аянд идэвхтэй оролцохыг уриалав.
Аяны хүрээнд 18 төрлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд 70 орчим төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Жаргалант сумын 12 багийн иргэд оролцож байна.
“Бидний зүтгэлд –таны оролцоо” уриан дор хэрэгжиж буй тус аяны үндсэн үйл ажиллагаа долоо хоногийн пүрэв гараг бүр тогтмол хэрэгжих ба төлөвлөгөөний дагуу маргааш “Хотын төв малын бэлчээр биш” сэдэвт мал журамлах ажил зохион байгуулна.
Цаашид Ховд хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гялгар цаас цэцэг биш” уриатай хог цэвэрлэгээ болон мод тарих, үерийн даланг чулуугаар доторлох, усны суваг шуудууг сэргээх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна.