Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн хүүхдүүдийн 15 нь Гүррагчаа нэртэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-22 18:01:34

Монгол хүн сансарт анх ниссэн өдрийг тохиолдуулан энэ өдөр “Хүрээ” амаржих газарт  мэндэлсэн хүүхдүүдэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэндэлсэн залуус бэлэг гардууллаа.

Одоогоос 35 жилийн өмнө энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийг Монгол Улсын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа 15 жилийн өмнө хооронд нь уулзуулж нөхөрлүүлсэн байдаг. Тэд өнөөдрийг хүртэл нөхөрлөлөө хадгалсаар яваа. Залуус 35 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн өнгөрөөхийн тулд ийнхүү хүүхдүүдэд бэлэг, дурсгалын  зүйлс гардуулсан юм. Энэхүү үйл ажиллагааг БЗД-ийн иргэн М.Сансархүү, СХД-ийн иргэн Ж.Галсарнай, Д.Саруул, Г.Дэлгэрцогт,  СБД-ийн иргэн  Б.Ариунзаяа, Д.Одгэрэл нар зохион байгуулав.  

Дашрамд мэдээлэхэд, 1981 оны энэ өдөр улсын хэмжээнд 206 хүүхэд мэндэлж, тэдний 97 нь эр, бусад нь эмэгтэй байжээ. Мөн энэ өдөр хоёр эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн байдаг. 

Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд гэр бүл нь голдуу сансар, огторгуйтай холбоотой нэр хайрласан байна. Энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийн 15 нь Гүррагчаа нэртэй бөгөөд, хоёр баатрын нэрээр нэрлэсэн хүүхэд ч бий. Монгол хүн сансарт амжилттай ниссэн энэ өдөр манай улсын үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүн "сансар", "нислэг" зэрэг брэнд нэршилтэй болж байсныг дурсаж байв. 

Мөн 1981 оны 3 дугаар сарын 22-ны өглөө гэхэд гудамжаар хоёр улсын далбаа, хоёр нисэгчийн хөрөг зураг, дурсгалын самбар зэргийг өлгөн түүхэн энэ өдрийг ард олноороо ёслол төгөлдөр тэмдэглэж байсан нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ