Бат-Өлзий суманд АА бүлгийн цугларалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-16 09:48:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд АА буюу Архичид аминчлахуй бүлгийн цугларалт боллоо. Аймгийн хэмжээнд 10-аад бүлэг байгаагаас дөрөв нь тус суманд үйл ажиллагаа явуулдаг. “Зөв зам” бүлгийн санаачилгаар бүлгүүд нэгдэж, зорилго, зорилтоо тодорхойлон ярилцсан юм.

Тус уулзалтад 100 орчим хүн оролцсон бөгөөд архины давхар хамааралтай буюу архинд донтогчдын гэр бүлийн гишүүд, гар утсанд донтсон хүүхдүүд, ганцаардалд шаналж буй эмэгтэйчүүд, залуухан охид хүртэл сургалтад сууж байгаа нь бүлгийн хүрээлэл илүү тэлж байгааг харуулж байв. “АА бүлэг  гэхээр заавал архичид явах ёстой юм биш, ямарваа нэг зүйлд донтсон, чөлөөлөгдөхийг хүсч байгаа ямар ч хүн явж болно” хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Аймгийн ИТХ-ын бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж зөвлөгөөний нээлтэд оролцож, “АА бүлгийнхний бүх үйл ажиллагааг өөрсдийн хандив, мөнгөнд тулгуурлан хийдэг. Гэсэн ч бүлгийн гишүүд цайлж, хооллож, тоглож, хөгжилдөж, нэгэндээ амьдралын замнал, туршлагаасаа хуваалцаж, бусдыг сэтгэлзүйгээр сэргээх олон сайхан зүйлийг хийдэг. Хэрэв төрийн алба юмуу, аль нэг байгууллагаас 100 хүн цуглуулаад зөвлөгөөн хийхэд төсвөөс багагүй л хөрөнгө гаргах байсан” гэж байв.

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс архидан согтуурах явдалтай тэмцэх, түүнээс үүдэн гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс “АА” нийгэмлэгтэй хамтран ажиллаж, “Мэргэжлийн баг”-ийг байгуулан аргазүйн тусламж, дэмжлэг үзүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ