Дэлхийн номын өдрийг орон даяар тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-15 16:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 22-25-нд орон даяар тэмдэглэнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл“, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Төв номын сан, хэвлэн нийтлэгч, зохиолч,  уншигч хамтран зохион байгуулна.  

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл илэрхийлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Эл өдрийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт ажлыг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих журам”-ыг баталсан.

 Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд:

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд энэ сарын 23-нд  хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэлч нарт ном бүтээлээ  сурталчлах, борлуулах боломж бүрдүүлнэ.

ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”,  Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчийн яруу найргийн уншлага зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлэгт зориулсан уралдаан,  уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэргийг зохион байгуулна.

Холбоотой мэдээ