Малчид ХАА-н салбарт тулгамдаад байгаа зарим асуудалд санал бодлоо солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-23 14:16:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өнгөрөгч амралтын өдрөөр Бат-Өлзий сумын 400 малчин хуран цугларч, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байгаа зарим асуудалд санал бодлоо солилцлоо. Сумын ЗДТГ-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатарын дэмжлэгтэйгээр малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж, төр засаг, орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм.

Бат-Өлзий сум нийт 7591 өрхтэйгээс 1259 нь малч айл бөгөөд 2112 иргэн мал маллан амьдарч байна. Энэ жил 362 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулж байгаа. Өвөл өнөтэй, цас багатай байсан бол хаврын улирал ч намдуухан байгааг малчид маань олзуурхан ярьж байв. Гэвч газар нутгийн дийлэнх хэсэг нь тусгай хамгаалалттай нутаг учраас бэлчээрийн даац хомсдсон, байгаа бэлчээр нь дөрвөн улирлын сэлгээгүй бэлчих малын хөлд багагүй талхлагдаж байгаа нь тулгамдсан томоохон асуудлын нэг аж.

Түүний зэрэгцээ мал аж ахуйн салбараас олж буй орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх асуудал малчдын өмнө асуулт хэвээр байна. Аймагт хоёр жилийн өмнө орон нутгийн өмчит махны үйлдвэрийг байгуулж, малчдыг хэрэгцээтэй үедээ малаа зах зээлийн үнээр борлуулаад хэдэн цаас гар дээрээ авах боломжийг бүрдүүлж өгсөн. Түүнийг түшиглээд дулаан аргаар мах боловсруулах үйлдвэр, ноос, арьс ширний үйлдвэрүүд ашиглалтад орсон ба малын мах, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоод гадаад зах зээлд гаргаж эхэлж байна.

Халуунд халж, хүйтэнд хөрч, аймгийнхаа эдийн засгийн 60 орчим хувийг бүрдүүлж яваа нийт малчдад аймгийн удирдлагууд талархал дэвшүүлж, мэдээлэл өглөө. 

Малчдын зүгээс тэтгэвэр, тэтгэмж, бэлчээрийн даац, аялал жуулчлал,дэд бүтцийн чиглэлээр асуулт асууж, хариултаа авлаа. Мөн аймгийн ХХААГ, МЭҮТ болон бусад байгууллагаас малчдад мэдээлэл өгсөн юм. Зөвлөгөөнөөр нэр бүхий малчдыг "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан", аймгийн ИТХ-ын "Жуух бичиг", аймгийн ЗДТГ-ын "Хүндэт жуух" зэрэг шагналаар шагнан урамшуулав.

Холбоотой мэдээ