Эх дагинын сүмд гарсан гал түймрийг унтраажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-16 09:29:48

ПАРИС. /CBS/. Францын хамгийн алдартай уран барилгын дурсгалуудын нэг болох дундад зууны үеийн "Нотр-Дам" буюу Эх дагинын сүмд даваа гарагийн орой гал түймэр дэгдэж, гал сөнөөгчид хэдэн цагийн турш шаргуу ажилласны дүнд бүрэн унтраасан байна.


Парис хотноо байрладаг 850 жилийн настай готик хэв маягийн байгууламжийн орой болон дээврийн хэсэг сүйдсэн хэдий ч гол барилга, хоёр цамхагийг галаас хамгаалж чадсан байна. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон дээрх явдлыг "асар эмгэнэлт явдал" хэмээн тэмдэглэжээ. Гал түймэр дэгдсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.


Парис хотын прокурорын алба гал түймрээс үүдэлтэй эвдрэл сүйдлийг шинжлэхээр судалгааны ажил эхлүүлжээ. Түймрийг унтраахаар ажиллаж байсан нэг гал сөнөөгч ноцтой гэмтсэн ба хэн нэгэн хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл байхгүй байна. Э.Макрон сүмийг сэргээн засварлахад зориулан хөрөнгө босгох олон улсын системийг хэрэгжүүлнэ гэдгээ амлажээ. 

Холбоотой мэдээ