С.Амармөнх: Өлзийт сумын зам засварын ажил ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-16 12:12:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Авто тээврийн газрын дарга С.Амармөнхөөс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 


-Баянхонгор аймгийн “үүд” гэж хэлж болох Өлзийт сумын орчимд зам засварын ажлыг эхлүүлсэн байсан. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагаан хөтлийн постны 4.4 км автозамын шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн замыг хааж, зам тээврийн зохицуулагч нар гүүрний хажууд буюу хуучин постон дээр ажиллаж байна. Мөн хот хоорондын чиглэл буюу аймгийн баруун талаар явж байгаа тээвэрлэлтийг Баянхонгор аймгийн Түйн голын замын хяналтын постонд бүртгэн гаргаж байгаа. Тус замын ажил зургаан сар орчим үргэлжилж, ирэх 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Тухайн замд ямар шинэчлэлт хийж байгаа вэ?

-Өлзийтийн автозамын огцом эргэлтийн тойрогт авто осол нэлээд гарч, жолооч зорчигчдын амь насанд аюул учруулж байсантай холбогдуулан тухайн автозамыг хааж, шороон замаар тойрч явуулж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус 4.4 км замыг тойрог замаар сэтэлж оруулах ажил өрнөж байгаа юм.

-Танай албаны гадаа авто тээврийн хяналтын улсын үзлэгт орох машинууд нэлээд дараалал үүсгэсэн харагдана. Ачаалал ер нь их байдаг уу?

-Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар хангайн 10 сум, говийн 10 суманд техникийн хяналтын үзлэгийг дөрөвдүгээр сарын 22-ноос эхлүүлэхээр болсон. Сумдаар явахаас өмнө аймгийн төвийн жолооч нар автомашинаа техникийн хяналтын улсын үзлэгт нэн даруй хамруулах шаардлагатай байна. Учир нь орон нутгийн үзлэг зургадугаар сарын 6 хүртэл үргэлжлэх болохоор тухайн хугацаанд аймгийн төвд автомашины үзлэг оношилгоо хийхгүй. Тиймээс үзлэгт орох хугацаа мөн үед таарсан жолооч цагдаа нарт торгуулах нөхцөл үүсэх вий гэх үүднээс боломжит бүх сувгаар зарыг түгээж, автотээврийн үзлэг оношилгоог хийж байна. Энэ долоо хоногт дээрх ачаалал хэвээр байна байх.

-Зарим тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажил эхлэх гэж байгаа гэсэн?

-Манай аймгийн хэмжээнд 20 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2500 тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдахаар байна гэсэн судалгаа 2016 онд гарсан байдаг. Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд 700 орчим тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч, 1800 гаруй нь үлдээд байна. Тухайн автомашинуудыг улсын бүртгэлээс хасах бүртгэлийн хураамж, суурь хураамж, үйлчилгээний хураамжийн зургаан сая төгрөгийг аймгийн ИТХ-аас шийдвэрлэсэн байгаа. Тухайн хасалтад тээврийн хэрэгслийн татвараа 7-10 жил төлөөгүй, тухайн хугацаанд ямарваа шилжилт хөдөлгөөн хийгээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслүүдийг хамруулна. Дээрх тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасах ажлыг энэ сард хийнэ.

-Хасалт хийх тухайн автомашины мэдээллийг эздэд нь мэдээлэх болов уу?

-Тухайн автомашины дийлэнх нь эзэмшигч тодорхой бус болчихсон, задаргаанд ороод сэлбэг болж зарагдсан зэрэг тээврийн хэрэгслүүд байгаа. Харин ашиглагдахаар байгаа тээврийн хэрэгсэлд хасалт хийсэн тохиолдол гарвал эзэмшигчийн хүсэлтээр манай албанаас лавлагаа гаргаж, эргэн сэргээх боломж нээлттэй. Тодруулбал, үзлэг оношилгоонд орж тэнцээд, төлөөгүй жилүүдийнхээ татварыг нөхөн төлсөн бол бүртгэлийг сэргээх боломжтой гэсэн үг. Гэхдээ иргэд маань олон жил ашиглаагүй, үзлэг оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл байгаа л бол даруй аймгийн Автотээврийн газарт ирж улсын дугаараар нь шүүлгэх хэрэгтэй. Ингэснээр аль аль талдаа ажил хөнгөвчлөх юм л даа.

-Ингэхэд орон нутгийн такси үйлчилгээний иргэдийн гомдол тасардаггүй. Танайхаас ямар хяналт тавьдаг вэ?

-Манай аймагт таски үйлчилгээний зургаан ААН-ын 100 гаруй автомашин байдаг. Тухайн автомашинууд жилд хоёр удаа орох ёстой үзлэгээр стандарт шаардлага хангаж байгаа эсэхээ шалгуулдаг. Мөн жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг идэвхтэй өрнүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа таски үйлчилгээний үнэ хөлсийг бодит байдалд нийцүүлэх, боловсон үйлчилгээтэй болгох олон ажил хийнэ. Саяхан, автомашины өнгө үзэмждээ анхаарах, зорчигчдод чирэгдэлгүй, боловсон үйлчлэх зэрэг зүйлүүдийг тусгасан албан бичгийг тухайн ААН-үүдэд хүргүүлсэн. Нөгөө талаараа энэ онд Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн ойн даншиг наадам, хурдан морины бүсийн уралдаан зэрэг томоохон арга хэмжээнүүд болох учир гадаад, дотоодын жуулчдад үйлчлэх таксинуудад илүү өндөр шаардлага тавина.

-Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олголтын талаар тодруулахгүй юу?

-Он гарсаар аймгийн хэмжээнд 30 орчим иргэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болоод байгаа. Энэ жилийн тухайд 2008 оноос өмнө жолоочийн үнэмлэхээ авсан хүмүүс аймгийнхаа нэр бүхий хоёр жолооны курст сургалтад суугаад, шалгалт өгч тэнцсэнээр мэргэшсэн жолооч болох боломжтой байгаа. Мэргэшсэн жолооч гэдэг маань Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдэд мэргэжлээрээ ажиллах, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд явах боломжтой болдог. 

Холбоотой мэдээ