Газар зохион байгуулалтын асуудлаар уулзалт хэлэлцүүлэг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-16 17:50:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Геодези, зураг зүй, суурь судалгаа, газар зохион байгуулалт, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийж буй ажлуудтай холбогдох албаныхан танилцлаа.

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгорт ажиллаж, 2019 онд хийх ажлуудыг мөрдөгдөж буй хууль, тогтоомж, норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аймгийн ГХБХБГ болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн удирдлагаар хангах асуудлаар аймгийн удирдлагуудтай зөвлөлдсөн байна. Мөн Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах талаар зөвлөгөө өгчээ.

Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрэх, аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, орон нутгийн мэргэжилтнүүдэд агентлагийн бодлого чиглэлийг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий тус хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн засаг даргын орлогч Д.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд зэрэг холбогдох албаныхан оролцсон байна.

Холбоотой мэдээ