Хэнтийн шууданчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-16 21:41:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн шуудангийн үйлчилгээний газар энэ оны анхдугаар уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Энэ үеэр 2019 онд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, ажилчдын ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга Д.Мөнхчимэг мэдээлэл өглөө. Сургалтад 18 сумын шуудангийн үйлчилгээний 30 орчим ажилчид хамрагдав. Тус байгууллагын зүгээс энэ онд шуудангийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэхээр төлөвлөснөө танилцуулсан юм.

Орчин цагт аливаа мэдээлэл цахимд шилжсэн ч гэлээ ачаа тээврийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага байсаар байна. Тиймээс энэ үйлчилгээг шинэ түвшинд хүргэхийн тулд олон улсын жишгийг Монголдоо нэвтрүүлж Логистикийн үйлчилгээг 21 аймагт нэвтрүүлэхээр зорьж байна. Тодруулбал замын унаанд дайвар зөөвөрлөх нь төдийлөн найдвартай биш учраас үүнийг буух эзэнтэй, буцах хаягтай баталгаатай тээвэрлэлтэд шилжүүлж буй үйл явц юм.

Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дашрамд дуулгахад тус байгууллага улсын хэмжээнд 2018 оныхоо ажлын үзүүлэлтийг хоёр шатаар ахиулсан амжилттай ажиллажээ.  

Холбоотой мэдээ