Чойжин ламын музейг засварласан монгол, хятад инженерүүдийн түүхийг өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-17 21:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Хятадын соёлын төвд өвөрмөц нэгэн үзэсгэлэнг Чойжин ламын музей, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран  нээлээ. Энэ нь монгол, хятад инженерүүд Чойжин ламын сүм музейг сэргээн засварласан сонин түүхийг харуулснаараа өвөрмөц, онцлог байна.

Үзэсгэлэнгийн ховор гэрэл зургийг хуучнаар БНЧУ-ын археологич Лумир Ийсл, ЗХУ-ын  археологич Г.И.Боровка, Данийн иргэн К.П.Альбертсен, Японы гэрэл зурагчин Терүзо Сугияма нарын зургуудаас дээжлэн, ихэнхийг нь анх удаа дэлгэн тавьсан нь үзэгчдийн анхаарлыг татлаа. 


Чойжин ламын сүмийг 1908 онд Омбо тэргүүтэй монгол урчууд анх барьжээ. Сүм нь 2 жас, 50 гаруй хурлын ламтай  шашин номын үйл эхлэж 1930 онд хаагдсан байна.  Устаж сүйдэх дөхөх үед БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар 1938 онд Чойжин ламын сүмийг ШУХ-ийн мэдэлд шилжүүлж, уран барилгын хосгүй хийц бүхий хийд, доторх үзмэрүүдийг халдашгүй хамгаалалтад авч, улмаар соёлын үнэт өв бүхий музей болгон ашиглаж байна.  Энэ музейд одоо Махаранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх амгалангийн тив сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий цогцолбор барилга, 6000 гаруй үнэт үзмэр хадгалагдаж байна. 


БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1952 онд байгуулсан дагуу 1957 онд БНХАУ-ын эртний барилгын инженер Юй Мин Чен, техникч Ли Жу Цзюнь нар ирж Чойжин ламын музей, Богд хааны ордон музейг засварлах ерөнхий зураг төлөвлөгөөг гарган 1958 онд МАХН-ын Төв хороогоор батлуулсан байна. Ийнхүү 1959-1960 онд монгол, хятадын инженерүүд хамтран музейг засварласан байна. Энэ түүхийг дээрх үзэсгэлэнгийн зураг, тайлбараас  харж болно.  

Холбоотой мэдээ