"Утаагүй Баянхонгор" төслийн зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-18 12:25:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Швейцарын хөгжлийн агентлаг, Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтран 2022 он хүртэл хэрэгжих "Утаагүй Баянхонгор" төслийг эхлүүллээ. 

Баянхонгор аймгийн агаарын бохирдлыг бууруулах алсын хараа, зорилгод хүрэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилго бүхий уулзалт зөвлөгөөн, орон нутаг дахь ажлын хэсгийг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалт энэ сарын 17-нд болов.

"Утаагүй Баянхонгор" төслийн сургалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын аймгийн удирдлагууд биечлэн оролцож, ажлын хэсгийнхэнд холбогдох сэдвийн хүрээнд өргөн мэдээлэл хийсэн байна.

Баянхонгор аймаг нь агаарын бохирдлоороо бусад 21 аймгаас хамгийн өндөртэй болох нь судалгаагаар тогтоогдсон. Агаарын бохирдлын 72 хувийг гэр хороолол, нам даралтын зуух 15 хувь, уурын зуух 12 хувь, машин техник болон бусад эх үүсвэрүүд "үйлдвэрлэж" байгаа гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн байдаг.

Аймаг орон нутгийн зүгээс утааг бууруулах зорилгоор жил бүрийн орон нутгийн төсөвтөө тодорхой зардлыг тусган ихэнх гэр хороололд ухаалаг тоолуур суурилуулж, шөнийн тарифыг 50 хувь болгосон. Мөн шөнийн тарифыг цаашдаа тэг төгрөг болгох саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Түүнчлэн утаагүй халаалт буюу цахилгаан халаагуураар 4500 гаруй өрхийг хөнгөлттэй үнээр хангах зорилго тавьжээ. Эдгээр ажлын үр дүн өнөөдөртөө шууд мэдэгдэхгүй ч “Утаагүй Баянхонгор” төслийг үр дүнтэй хэрэгжихэд хөрс суурь нь болж өгч байгааг албаныхан онцолж байсан.

"Утаагүй Баянхонгор" төслийн нээлт энэ сарын 19-ний 10:00 цагт аймгийн Баганат талбайд болно.

Холбоотой мэдээ