“Яргуй-2019” урлагийн наадамд 360 гаруй сурагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Яргуй-2019" хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулж байна.
Энэ удаагийн
наадамд Жаргалант, Чандмань, Мөст, Буянт,
Дуут зэрэг 10 сумын ерөнхий боловсролын 17 сургуулийн 360
гаруй сурагч оролцож, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж эхэллээ.
Урлагийн
наадам үндэсний болон ардын язгуур урлаг, орчин үеийн ба сонгодог
урлаг гэсэн хоёр төрлөөр үргэлжилж байна. Энэ хүрээнд
оролцогчид бэсрэг болон уртын дуу, бий биелгээ, уран
нугаралт, хөгжим, хөөмий, туульс магтаал, хархираа, исгэрээ, бүжиг, хөгжим,
ахуйн буюу хүүхдийн сэдэвт зохиомж зэрэг өөрийн бэлтгэсэн үзүүлбэрээ сугалааны дагуу үзэгчдийн хүртээл болгож байна. Үүнд, соёл урлагийн
салбарын мэргэжлийн таван шүүгч оноогоор дүгнэн ажиллаж байгаа юм.
Энэхүү наадмын
шилдэг оролцогчид маргааш тодрох бөгөөд тэргүүн байрт шалгарсан
сурагчид ирэх тавдугаар сард болох “Баруун бүсийн хүүхдийн урлагийн их
наадам”-д аймаг орон нутгаа төлөөлөн оролцох эрхийн бичиг гардан авна.
“Яргуй” хүүхдийн
урлагийн их наадмыг хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний
урлагийн өв санг эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх,
сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран бүтээл
туурвих боломжийг бүрдүүлэх, үндэсний соёл урлаг, зан заншлаар
бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2 жил тутамд уламжлал болгон
зохион байгуулдгаараа онцлог юм.