Канадын Хадат уулын нурангийн улмаас мэргэжлийн уулчид амиа алдсан байж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-19 11:16:22

ОТТАВА. /Reuters/. Канадын Хадат уулын нурангийн улмаас мэргэжлийн гурван уулчин амиа алдсан байж болзошгүй тухай тус улсын эрх баригчид пүрэв гарагт мэдээлжээ.


Америкийн иргэн, 36 настай Жесс Роскелли болон Австралийн иргэд болох 28 настай Дэвид Лама, 35 настай Хансйорг Ауэр нар Канадын Алберта мужийн “Банф” үндэсний паркийн "Хаус" оргилд авирахыг оролдож байжээ. Канадын эрх баригчид уулчдын нэрийг олон нийтэд зарлаагүй боловч уулын спортын мэргэжлийн тамирчид байсан тухай мэдээлсэн байна.


Ж.Роскелли нь 2003 онд 20 настайдаа Эверестийн оргилд авирсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан хамгийн залуу хүнээр тодорч байжээ. Д.Лама, Х.Ауэр нарын хувьд авирахад хамгийн хэцүү оргилуудад гарсан дэлхийн хэмжээний уулчид ажээ.


Канадын Үндэсний паркийн жуулчдын аюулгүй байдлыг хянах мэргэжилтэн Стивен Голечигийн мэдээлснээр, дээрх уулчид энэ долоо хоногийн мягмар гарагт "Хаус" оргилын өмнөд бэлээс авирч эхэлсэн байж магадгүй аж.  Гэсэн хэдий ч тэд лхагва гарагт буюу товлосон хугацаандаа бууж ирээгүй тухай мэдээлэл гараад байна. 


Үндэсний паркийн ажилтнууд уулчдын авирч байсан хэсгийн дээгүүр онгоцоор нисэх үеэрээ нуранги болон ууланд авирах хэрэгслүүдийн үлдэгдлийг харжээ. 

Холбоотой мэдээ