Монгол Улсын Төрийн дууллын гэрэлт хөшөөний шав тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-19 13:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл Монгол Улсын Төрийн дууллын гэрэлт хөшөөний шав тавих ёслолыг маргааш Төв аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран зохион байгуулна. Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Энэ үеэр, Монгол Улсын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн концерт тоглоно. Мөн  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын Алдарын танхим нээх юм байна.

1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор, Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд зарласан уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж Монгол Улсын Төрийн дууллын аяыг дэмжин баталжээ. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд тохирсон үг бичих даалгавар оногдсон гэдэг. Ийнхүү 1950 оны дөрөвдүгээр сарын 26-нд Төрийн дууллыг албан ёсоор анх эгшиглүүлсэн байна. 

Монгол Улсын Төрийн дууг зохиож Төрийн шагнал хүртсэн энэ хоёр алдартан Төв аймгийн Сэргэлэн сумынх юм. 

Холбоотой мэдээ