З.Дэндэв: Халтар даага маань өнгөрсөн жил 18 наадмын түрүү авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:26:31

 Баруун бүсийн “Их хурд-2015” даншиг наадамд түрүү авсан халтар даагны эзэн Увс аймгийн Өлгий сумын уяач З.Дэндэвтэй ярилцлаа.

-Та хэзээнээс морь уяж эхлэсэн бэ?

-Манай аав Замба гэж хурдан морь уядаг хүн байсан. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор аймагт шүдлэнгийн түрүү авч байсан. Би багаасаа аавыгаа дагаж хурдан морь уяж сойх эрдэмд суралцсан. Зах зээлийн нийгэм эхэлснээр нэг хэсэг хөндийрсөн ч 2000 оноос буцаад морь уяах болсон. Сүүлийн гурван жилд илүү эрчимтэй ажиллаж, Баруун бүсийн “Их хурд-2015”даншиг наадамд халтар даагаа түрүүлгэсэндээ маш их баяртай байгаа.

-Халтар даага хаанахын угшилтай бэ?

-2014 оны намар Сүхбаатар аймгийн Наран сумын аймгийн алдарт уяач Д.Гантулга гэдэг хүнээс 9 унага авч ирж тэжээж онд оруулсан юм. Эдгээр дааганы долоо нь сайн давхиж байгаа. Ховд суманд болсон хаврын анхны бооцоот уралдаанд 7 даага маань эхний 7 байранд дараалан ирсэн. Манай дүү З.Баянжаргалын авсан хоёр дааганы нэг нь төвийн бүсийн сумдын хаврын бооцоот уралдаанд 3-д, нөгөө нь 6-д, Баруун бүсийн сумдын хаврын бооцоот уралдаанд нэг нь 2-аар, нөгөө нь 4-өөр давхисан. Мөн Түргэн сумын 90 жилийн ойн баярт 2, 3-аар, аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд нэг нь 13-аар, нөгөө нь 15-аар дахисан.

   Д.Гантулгаас би 30-аад адуу авсан юм. Өнгөрсөн намар гэхэд 4 унага авч ирснийг хүүхдүүд сургаад, тэжээгээд байж байна.

-Халтар даага тань өнгөрсөн жилийн баяр наадмуудад тувт л торгон жолоо өргүүлсэн байх аа?

-Том, жижиг нийлсэн 23 баярт уралдаж 18 удаад нь түрүүлж, 2 баярт аман хүзүүдэж, Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойд 13-аар давхисан. Томоохоноос нь нэрлэх юм бол өнгөрсөн хавар болсон 3 бүсийн сумдын бооцоот уралдаанд бүгдэд нь түрүүлсэн. Дараагаар нь Наранбулаг сумын Улсын сайн малчин С.Гомбын цолны мялаалга наадамд түрүүлээд Сагил сумын 90 жилийн ойд бас түрүүлсэн. Арав гаруйхан хоногийн дараа аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадам болоход мөн л түрүүлсэн. Намар нь Ховд сумын аймгийн алдарт уяач Ц.Алтангийн “Монгол хээр” соёолонгийн мялаалга наадамд бас түрүүлсэн.

-Сумандаа хурдан морь хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Янз бүрийн ажил хийж байна. Хүүхдүүдийг моринд дуртай болгох талаар ихээхэн анхаарч байгаа. Тухайлбал, шинэ жилийн баяраар сумынхаа 5 уралдаанч хүүхдэд унаачийн бүрэн хувцас, гарын бэлэг гардуулсан. Мөн 6-р сарын 1-нд дааганы уралдаан зохион байгуулж, өөрөө шагналыг нь даасан. Энэ үеэрээ цэцэрлэгийн насны 20 хүүхдэд гарын бэлэг гардуулсан. Сүүлийн 4 жил дарааллан 6 настай хүүхдийн барилдааныг зохион байгуулж байна. Түүнчлэн өнгөрсөн 11-р сарын 20-нд морины дуу дуулаачдын уралдаан зохион байгуулахад Наранбулаг, Өмнөговь сумаас дуучид ирж оролцсон.

   Миний халтар даагыг унадаг Э.Хашбат гэдэг хүүхэд 2015 оны “Аймгийн шилдэг унаач хүүхэд”-ээр, халтар даага маань 2015 оны “Шилдэг даага”-аар, би өөрөө “Шилдэг уяач”-аар шалгарч, аймгийн алдарт уяач гэсэн эрхэм хүндтэй цол хүртсэндээ байртай байна.

-Хэчнээн морь тэжээж байна? Энэ жилийнхээ уралдааныг төлөвлөсөн үү?

-Манай сумын өвөлжөө тааруухан болсон тул бүх адуугаа тэжээж байна. Хаврын бүсийн уралдаанаар морьдоо харж байгаад хаашаа уралдахаа шийднэ дээ. Юу ч гэсэн аймгийнхаа баярт уралдана. Мөн Говь-Алтай аймагт болох Баруун бүсийн даншиг наадамд явахаар хүмүүстэй ярилцаж байгаа.

-Танд баярлалаа. Морь хурдан, уяа хөнгөн байх болтугай.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ