Засаг даргын захирамжаар "Гэр бүл"-ийн өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-20 21:28:15

Төв /МОНЦАМЭ/. "Гэр бүл"-ийн өдөртэй болох тухай аймгийн засаг дарга Ж.Батжаргал 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/229 захирамж гаргажээ.

Захирамжаар сар бүрийн эхний 7 хонгийн баасан гаригт 17-18 цагийг "Гэр бүл"-ийн өдөрт зориулж, 0-18 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд 1 цагийн цалинтай чөлөө олгох болсон байна.

Хүүхэд залуучуудын чиглэлээр үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 29-нд Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөгөөнөөр хүүхэд, залуучууд, гэр бүлд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцсэн. Энэ үеэр залуу эцэг эхчүүд гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цаг гаргаж өгөөч гэсэн санал дэвшүүлсэн байна.

Энэ асуудлыг зөв зүйтэй санал хэмээн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал үзжээ. 

Энэ өдөр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт очиж, сургалт хүмүүжлийн талаар багш нартай нь ярилцах, хүүхдүүдтэйгээ ярилцах, эцэг эх, хүүхдүүдийн дунд ямар нэг ажил зохион байгуулах, гэр бүлээрээ тухайн цагийг хамт өнгөрөөж байгаад ач холбогдол оршиж байна хэмээн НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг мэдээллээ.

Холбоотой мэдээ