Монгол тоглоомоор дамжуулан хүүхдүүдэд сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 17:04:58

Завхан аймгийн Музейгээс “Оньсон тоглоом оюуныг тэтгэгч” сургалтын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.

Монголчуудын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох аргын хувьд оюуны чухал соёлын өв ажээ. Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоомыг хүүхэд бүр сурч мэдэх зайлшгүй шаардлага тулгараад буй юм. Иймээс Завханы ЕБС-ийн сурагчдыг оньсон тоглоомоор дамжуулан оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, оньсон тоглоомын ач холбогдолыг таниулан сурталчлах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд аймгийнхаа Орон нутаг судлах музейтэй танилцах,  Завхан аймгаас төрөн гарсан 10 их Хутагт хувилгаадын эдлэж хэрэглэж байсан эд зүйлстэй танилцах,  Завхан аймгаас төрөн гарсан алдартнуудын музей үзэх, оньсон тоглоомын тухай хичээлд суух /цахим хэлбэрээр/, баг болон хуваагдаж өрж эвлүүлэх тоглоом, газрын зураг эвлүүлэх, оньсон тоглоом эвүүлэх, алаг мэлхий өрөх гэх мэтчлэн олон зүйлсийг сурах аж. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүд Монголын уламжлалт тоглоом наадгайтай танилцах, хүүхдийн сэтгэхүй хөгжих, Монгол орны аймгуудыг нэрлэж сурах, сэтгэн бодох чадвар хөгжинө хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Хөтөлбөр жилийн турш үргэлжилнэ.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ