“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-22 23:08:49

Увс /МОНЦАМЭ/. "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг боллоо.

Увс аймгийн хувьд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Улаангом сумын сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл, ард иргэд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн самбар, үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, эмчилгээний материал, урвалж бодисыг иргэдэд танилцуулж сурталчилсан юм.

Мөн 5-р цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд урлагийн үзүүлбэр үзүүллээ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдэд нэг удаа, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдэд нэг удаа шүдний үзлэг, эмчилгээ хийх аж. Аймгийн хэмжээнд 2-12 настай 34586 хүүхэд байгаа бөгөөд энэ онд 2-6 настай 10482 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдах юм байна. Үзлэг үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон шүдний эмнэлгүүдийн ажилчдын орон тоо, ажиллах орчноос шалтгаалан хүүхдүүдийг хуваарилсан байна.

Тухайлбал, “Болор цахиур” шүдний эмнэлэгт Баруунтуруун, Бөхмөрөн, Өндөрхангай, Өлгий, Тэс, Ховд болон Улаангом сумын 3, 8, 9-р багийн хүүхдүүд шүдээ үзүүлэхээр болжээ. Харин “Ингүүмэл булга” шүдний эмнэлэгт Давст, Завхан, Малчин, Наранбулаг, Түргэн, Сагил, Цагаанхайрхан болон Улаангом сумын 4, 5, 10-р багийн хүүхдүүд шүдээ үзүүлнэ. Мөн “Элит” шүдний эмнэлэгт Тариалан, Хяргас, Улаангом сумын 1, 6, 11-р багийн хүүхдүүд, “Энх саруул”  шүдний эмнэлэгт Зүүнговь, Зүүнхангай, Өмнөговь, Улаангом сумын 2, 7, 12-р багийн хүүхдүүд шүдээ үзүүлэхээр хуваарилжээ. Үзлэг өнөөдрөөс эхэлсэн байна.

Тус хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд үзлэгт хамрагдаж буй хүүхдийн эцэг эхийн хурууны хээгээр бүртгэл хийж мэдээллийн сан бүрдүүлэх тул төрсөн эцэг эх нь хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн ягаан дэвтрийг авч ирсэн байх шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх бөгөөд харин эцэг эх асран хамгаалагчийн зүгээс эрүүлжүүлэлтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих юм байна.

Холбоотой мэдээ