Хятадын иргэд АНУ-аас нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогджээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-04-24 11:31:13

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын “General Electric” компаниас худалдааны нууц мэдээллийг хулгайлсан хэрэгт холбогдсон БНХАУ-ын хоёр иргэнийг яллах дүгнэлтийг АНУ-ын Батлан хамгаалахын яам мягмар гарагт танилцуулжээ.


Нью-Йорк муж улсын нийслэл хот дахь холбооны шүүхэд Сяочин Жэн гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн бол түүний хамтрагч гэгдэж буй Жаоси Жаныг Хятадад байгаа хэмээн таамаглаж байна.


Тэднийг эдийн засгийн тагнуул хийсэн, худалдааны нууц мэдээллийг хулгайлсан хэрэгт буруутгаж байна. Үүнээс гадна С.Жэнийг Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгаж байгаа ажээ.


“Америкийн компаниудаас оюуны өмчийг нь дээрэмдэж, Хятад үйлдвэрүүдэд ашиглаж, эхлээд Америкийн дараа нь дэлхий дахины компаниудыг дотоодын зах зээлээс шахан гаргах гэсэн БНХАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн жишээ энэ боллоо” гэж АНУ-ын Ерөнхий прокурорын туслах Жон Демерс хэлжээ. Мөн тэрбээр, АНУ цаашид Хятадын төрийн дэмжлэгтэй хулгай дээрмийг зүгээр хараад суухгүй гэж нэмж хэлсэн байна.


С.Жэн нь Нью-Йорк муж улсын Скенектади хот дахь “General Electric” компанийн цахилгаан, усан цахилгаан станцад инженерээр ажилладаг байжээ.


АНУ-ын прокурорууд түүнийг загваруудтай холбоотой олон тооны цахим баримт бичиг, “GE” хийн инженерчлэл, уурын турбин зэргийн мэдээллийг хулгайлж, Ж.Жан руу цахим шуудангаар илгээсэн хэмээн буруутгаж байгаа ажээ. Түүнчлэн хулгайлсан мэдээллээ бизнесийн ашиг сонирхлын дагуу ашиглаж, “Liaoning Tianyi Aviation Technology” болон “Nanjing Tianyi Avi Tech” хэмээх Хятадын хоёр компаниас хувь авсан хэмээн буруутгасан байна.


"Өөрсдийн хийж буй зүйл нь Хятадын Засгийн газарт ашигтай гэдгийг хоёр хэрэгтэн мэдэж байсан" гэж прокурорууд мэдээлжээ. Хэрэв тэдний хэрэгт холбогдолтой болох нь нотлогдвол 25 жил хорих ял, 5 сая гаруй ам.долларын торгууль ногдуулах ажээ. Үүний зэрэгцээ Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан С.Жэнд дахин 5 жил хорих ял, 250 мянган ам.долларын торгууль ногдуулж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ