Мьянмарт хөрсний гулгалт үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-24 13:11:54

НЕЙПИДО. /BBC/. Мьянмар улсын хойд нутгийн Качин мужид хөрсний гулгалт үүссэний улмаас хашийн уурхайн 54 ажилтан амиа алдсан байж болзошгүй тухай тус мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.


Хөрсний гулгалтын улмаас үүссэн “шавран нуур” уурхайн ажилтнууд болон 40 тээврийн хэрэгслийг бүрхжээ. Хашийн уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний гулгалтуудын улмаас жил тутам олон арван Мьянмар иргэн амиа алддаг байна.


Орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд гурван хүний цогцсыг илрүүлээд байгаа ажээ. “Ажилтнууд амьд гарч чадахгүй. Учир нь тэд шаварт булшлагдсан” гэж мужийн хууль тогтоогч Тин Сое “Reuters” агентлагт мэдээлжээ.


Хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын дийлэнх нь томоохон компаниудын үйл ажиллагаа явуулж байсан газраас хашийн үлдэгдэл түүдэг амьжиргааны түвшин доогуур иргэд байдаг аж. Качин мужийн Факант тосгонд энэ он гарсаар наад зах нь 20 хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ