Эцэг эхчүүд монгол бичгийг хүүхдүүдтэйгээ хамт сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-25 11:34:04

Завхан /МОНЦАМЭ/. Завханд сүүлийн жилүүдэд байгууллагын шилдэг ажилтан, уралдаан тэмцээний өргөмжлөл, талархал, батламж, цом зэргийг уйгаржин монгол бичиг, кирилл бичгээ хослуулан бичиж гардуулдаг уламжлал тогтжээ.

Түүнчлэн аймаг, сумын төвийн төрийн байгууллагуудын хаягийг монгол бичгээр заавал бичих үүргийг аймгийн ЗДТГ-аас уриалжээ. Түүнчлэн монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр мэргэжлийн багш нар бие дааж мэргэжил, заах арга зүйгээ дээшлүүлэх, монгол бичгийн сургалтын орчныг сайжруулах, хэрэглээг өргөтгөх, иргэд олон нийт монгол бичиг сурах хүсэл эрмэлзэлтэй болох зэрэг олон эерэг зүйлүүд нэмэгдэж байгаа. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ монгол бичиг зааж өгөхийн тулд өөрсдөө сурах сонирхолтой болж байгаа нь их онцлогтой байгаа. Тухайлбал Улиастай сумын ерөнхий боловсролын зургаан сургууль жил бүр эцэг эхийн өдрийг зохион байгуулж монгол бичгээр хэн зөв хурдан унших вэ, цэвэр бичих вэ, уран бичлэгийн гэх мэт уралдаан, үзэсгэлэнг тогтмол явуулдаг болсон байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 30 сургууль үндэсний бичиг үсгийн баярыг эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэж тэднийг хүүхдүүдтэйгээ хамт үндэсний бичиг сурахыг уриалж сургууль дээрээ сонгон хичээллүүлж байна. Аймгийн хэмжээнд үндэсний бичиг үсэгтэй холбоотой сонгон, уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 1200 эцэг эхчүүд оролцсон байна хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ