ЗАВХАН: Соёлын бүтээлч сарын хүрээнд бүх насныханд хүрч үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. "Соёлын
бүтээлч сар" аяны хүрээнд Завхан аймгийн музей сан хөмрөгтөө байгаа үзмэрүүдийг
цувралаар олон нийтэд таниулж байна.
"Монгол бахархал" уриан дор зохион байгуулж байгаа "Соёлын бүтээлч сар" аян улсын хэмжээнд өргөн хүрээтэй үргэлжилж байна. Завхан аймгийн тухайд аймгийн 24 сумын соёлын байгууллагууд уламжлалт өв соёл, музейн үнэт үзмэрүүдийг таниулах олон талт ажлыг хийж байна.
Энэ 7 хоногт аймгийн музейгээс сан хөмрөгт хадгалагдаж байгаа анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг дүрслэн бүтээсэн үзмэрийн дээжээс олон нийтэд танилцуулж байна. Тус музейд сартуулын урчуудын бүтээсэн Занабазарын дүр бүхий модон сийлбэр, баримал, уран зургууд хадгалагдаж байна.
Мөн музейгээс энэ 7 хоногт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд Монголын болон Завхан аймгаас төрсөн зохиолчдыг танилцуулах ажлыг явуулж байна. Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өнөөгийн нийгэмд улам ихээр нэмэгдэж байна.
Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол
бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүсийн мэндэлсэн
өдөр, түүхэн үйл явдлууд энэ сар тохиож буй нь онцлогтой юм. Аяны хүрээнд
Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Бямбын Ринченгийн "Монгол хэл" шүлгийг Улиастай сумын ерөнхий боловсролын
Дэвшил сургуулийн бага ангийн хүүхдүүдэд таниуллаа.
Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг буулгасан. Энэ оны хувьд 11 дүгээр сарын 21-нд бахархалт түүхэн өдөр тохиож байна.
Тиймээс аяны хүрээнд Монгол Улсын Консерваторын салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн уран зургийн 11-р ангийн сурагчидтай хамтран угсаатны зүйн үзмэрүүдийг уран зурагт буулгах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хүүхдүүд угсаатны зүйн танхимтай танилцаж, Засагт хан аймгийн Засагт хан хошууны тамга, тамганы хайрцаг болон бусад үзмэрүүдээс сонгон натур болон этюд зурлаа. Эдгээр зургуудийг музей үзэж байгаа хүүхэд залуучуудад зориулан үзэсгэлэн болгож дэлгэн үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар соёлын бүтээлч сарын хүрээнд манайхаас зохин байгуулж байгаа олон талт үйл ажиллагаанд давхардсан тоогоор 2300 гаруй хүүхэд залуучууд насанд хүрэгчид оролцсон байна. Соёлын бүтээлч сар үргэлжилж байна хэмээн Завхан аймгийн музейгээс мэдээлэв.

Угсаатны зүйн үзмэрүүдээс натур болон этюд зурж байна.

Улаанбаатар