ЗАВХАН: Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-17 16:33:50

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт сүүлийн таван жилд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын тоо нэмэгджээ.


Завхан аймагт анх 2019 онд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг илрүүлэх, дэмжих, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах. Шинэ залуу ардын авьяастныг төрүүлэх зорилгоор соёлын биет бус өвийн бүтээлийн уралдааныг зохион байгуулж байсан.


Тэр үед 22 сумын 292 соёлын биет бус өвийг өвлөн тээгч, ардын авьяастан бүртгэгдэж уралдаанд орж байв. Харин өнөөдөр энэ тоо даруй нэг дахин нэмэгдээд буй нь сайшаалтай.


Өнөөдрийн байдлаар соёлын биет бус өвийн бүртгэлийн программд аймгийн 548 өвлөн уламжлагч бүртгэгдсэн байна. Соёлын биет бус өв өвлөн уламжлагч гэдэгт соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдаас олгосон “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч” батламж авсан хүнийг хэлнэ.


Мөн бүртгэлд энэ жил бүртгэгдсэн 50 шахам өвлөн суралцагч бий.


Соёлын биет бус өвийг өвлөн суралцагч гэдэгт соёлын өвийн төвийн бүртгэлд орсон, өвлөн суралцаж байгаа “Соёлын биет бус өв өвлөн уламжлагч”-ийн батламж аваагүй хүнийг хэлдэг.


Завхан аймгийн 24 суманд соёлын биет бус өвийн таван ай сав болох эх хэл, аман уламжлалын илэрхийллүүд, ардын язгуур урлаг, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай биет бусыг өвлөн уламжлагчид байна.


Тухайлбал, сартуул аялга, ботго авахуулах сартуулын зан үйл, хүүхдийн сэвлэг үргээх ёс гэхэд нутаг нутгаар өөр байх жишээтэй.


Мөн мартагдаж устах аюулд орсон нутгийн ардын дуу “Богдын өндөр” уртын дууг сэргээн дуулж буй Идэр сумын ардын авьяастнууд, Отгон сумын хуурын татлага, хулсан хуур. 


Тэс сумын ардын авьяастны урианхай биелгээ, “Жаран цагаан хонь” нутгийн ардын дуу гэх мэтчлэн соёлын биет бус өвүүдийн өвлөн уламжлагчид бий хэмээн Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв. 

Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг өвлөн уламжлагч


Нутгийн ардын дууг өвлөн уламжлагчид 

Холбоотой мэдээ