НҮБ: Афганистаны Засгийн газрын дэмждэг хүчин олон иргэний аминд хүрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-25 14:44:54

КАБУЛ. /AP/. Энэ онд Афганистанд амиа алдсан энгийн иргэдийн дийлэнх нь Засгийн газрын дэмждэг хүчний үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн тухай НҮБ мэдээлэв.


НҮБ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Тадамичи Ямамотогийн хэлснээр, энэхүү үзүүлэлт маш цочирдом байсан аж. Учир нь энгийн иргэдийн амь насанд хүрсэн үзүүлэлтээр Засгийн газрын дэмждэг хүчин анх удаа “Талибан” бүлэглэлийг давсан ажээ.


“2019 оны эхний гурван сарын хугацаанд амиа алдсан афганистанчуудын 54 хувь нь Засгийн газрын дэмжигч хүчний явуулсан үйл ажиллагааны хохирогч болсон” гэж НҮБ-ын тайланд мэдээлжээ. Үүний зэрэгцээ 2013 оноос хойш хамгийн цөөн хүн амиа алдсан улирал энэ болсон байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид найрамдлын хэлэлцээ хийсэн боловч сөргөлдөгч талууд мөргөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаа юм.


Афганистаны зөрчлийг 2009 оноос хойш хянаж буй НҮБ-ын мэдээлснээр, энэ оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд “Талибан” бүлэглэл 227 иргэний аминд хүрч, 736 иргэнийг шархдуулсан ажээ.


Харин Афганистан болон олон улсын хүчнүүдийн үйл ажиллагааны улмаас 305 хүн амь үрэгдэж, 303 хүн шархадсан байна. Амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь тэсрэх төхөөрөмж болон агаарын цохилтод өртжээ. 

Холбоотой мэдээ