Туршилтын цагаан харханд зориулж хөшөө босгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-25 16:58:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинэ Анагаах Ухаан” их сургуулийг үүсгэн байгуулагч Төрийн шагналт, хүний гавьяат эмч шагналт М.Амбага, доктор Б.Саранцэцэг нарын санаачлагаар тус сургуулийн хичээлийн төв байрны үүдэнд цагаан хархны хөшөөг босгож, өнөөдөр хүндэтгэлтэйгээр заллаа. Энэ хөшөө Монголд байтугай дэлхийд ч анхных юм байна.

Оюун ухаант Homo sapiens хүн бий болсон үеэсээ өөрийгөө эрүүл байлгах, эмчилгээ оношилгооны шинэ аргыг боловсруулах, шинэ эм хийх зэрэг сорил туршилтын ажилд  амьтдыг ашиглаж ирсэн. Шинжлэх ухаанд, ялангуяа биологи, анагаах ухаан, мэс засал, шинэ вакцин, шинэ эм бэлдмэлийн хүнд үзүүлж болох үр нөлөөг үнэн бодитой судалж тогтоохын тулд  цагаан хулгана, харх, туулай, нохой, усан гахай, таван хошуу мал, гахай зэрэг олон амьтдыг сорил туршилтад ашигладаг.

М.Амбага, Б.Саранцэцэг тэргүүтэн монгол хүний эрүүл мэнд, эмчилгээний төлөө 40 гаруй жил 2000 гаруй туршилтыг цагаан харханд явуулж, олон шинэ эм бүтээсэн байна. М.Амбага "Салимон", бөөр хамгаалах үйлдэлтэй "Нефромон" эмүүд зохион бүтээж Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн.


Дээрх эрдэмтэд хүний эрүүл мэндийн төлөө шинэ эм бүтээх туршилтад хамгийн их ач тусаа өгсөн цагаан хархыг мөнхжүүлэх юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлж, ийнхүү хөшөөг нь "Шинэ Анагаах Ухаан Их сургууль"-ийн  үүдэнд босгосон байна.

Холбоотой мэдээ