Аймгийн төвийн 42 өрхийг жимс, хүнсний ногоо тариалах боломжоор хангав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-04-26 14:07:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэдээ тогтмол ажилтай, байнгын орлоготой болгох ээлжит төсөл хөтөлбөр Баянхонгор аймагт эхэллээ. Газар тариалан эрхлэх сонирхолтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, итгэл, хариуцлага даах чадвар бүхий 42 өрхөд 207 сая төгрөгийн дэмжлэгийг төрийн зүгээс үзүүлэхээр болж, төсөлд хамрагдахаар шалгарсан өрхүүдэд албан ёсны эрх олгон батламж гардууллаа.

Баянхонгор сум газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр эдгээр өрхөд Арван мянгатын ар хэсэгт газар олгохоор шийдвэрлэсэн байна. Өрхүүдийг сонгохдоо ямар нэг намын харьяалал, үзэл бодлын ялгаваргүйгээр тариалан эрхлэх болзлыг хангасан, мөн ажил хийе гэсэн чин сэтгэлийн эрмэлзэлтэй иргэдийг сонгон авснаа албаныхан онцолж байв. Тухайн өрхүүдэд олгосон газрыг тус бүрт нь хашаажуулж, үр тариа, зохих тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах зардал 207 сая төгрөгийг төрийн зүгээс Баянхонгор хөгжлийн корпорацид төвлөрүүлээд байгаа аж.

Тус корпорациас тодорхой хяналтын дагуу санхүүжилтийг олгох ба үйл ажиллагааны гүйцэтгэл, явцад нарийвчилсан хяналтыг тогтмол хийж байх гэнэ. Харин төслөө үр дүнтэй, гурван жил тасралтгүй сайн хэрэгжүүлсэн өрхүүдэд тухайн газраа иргэний нэр дээрээ шилжүүлж, өмчилж авах боломжийг олгох юм байна.

Төсөлд хамрагдаж буй эдгээр өрхийн хувьд 30 нь жимс жимсэнэ тарьж ургуулах бол 12 өрх томоохон хэмжээтэй хүлэмжийн аж ахуй эрхлэх юм. Мөн тариалан эрхлэхэд нь мэргэжлийн туслалцаа, заавар зөвлөмж, сургалтыг тогтмол өгч байх мэргэжлийн агрономич ажиллах аж.

Сонирхуулахад, Ажил хөдөлмөр эрхэлж сайн сайхан амьдаръя гэсэн зорилго дүүрэн энэ хүмүүсийн дунд газраа ухдаг биш, тариа ногоо тарьж амьдардаг болохоор шийдсэн бичил уурхайчид, архины хамааралтай байгаад тусгай төсөлд хамрагдан эмчлэгдсэн залуус ч багтжээ.

Холбоотой мэдээ