Төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгорт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-26 14:33:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлэг хѳдѳлмѳрийн магадлах комиссоос улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран хөдөлмөрийн чадвараа алдсан, байнгын асаргаанд байдаг иргэдийг үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулна.

Энэ удаад улсын нэгдүгээр тѳв эмнэлгийн тѳрѳлжсѳн мэргэжлийн эмч нарын явуулын багийг урьж, байнгын асаргаанд байдаг гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх боломжгүй, хѳдѳлмѳрийн чадвар алдсан иргэдийг үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах юм байна. Мѳн үеэр хѳдѳлмѳрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ч зохион байгуулах аж.

Урд жил тус албанаас сонсголын бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Сэтгэлийн сонсголон" хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, шинжилгээ үйлчилгээнд хамруулж байжээ. Харин энэ удаа дээрх эмч нар Баянхонгор аймагт ирж ажиллан, сонсгол сайжрах боломжтой өвчтөнүүдэд хагалгаа үзлэг хийх буюу хэвтрийн байнгын асаргаатай байдаг өвчтөнүүдийг гэрийн үзлэгт хамруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс сүүлийн жилүүдэд ажлын үзүүлэлтээр улсдаа байнга тэргүүлжээ. Сүүлийн хоёр жил ажлын үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт орсон тус комиссыг өөрийн үйл ажиллагаа явуулах өрөө танхим, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг удахгүй орон нутгийн дэмжлэгтэйгээр хийх аж.

Сонирхуулахад, Энэ онд Баянхонгор аймагт 1 тэрбум гаруй төгрөгийн төсвөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Хүмүүнлэгийн ордонг барьж байгуулна. Тус ажил тендер шалгаруулах шатандаа яваа бөгөөд тун удахгүй ажил нь эхлэх юм байна. 

Холбоотой мэдээ