Сумдад гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг, шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-26 14:51:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын А/127 дугаар захирамжаар “Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг шалгалт явуулах тухай” шийдвэр гарсан. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг сумдад ажиллаж байна.

Тус ажлын хэсэг гамшгийн үеийн үйл ажиллагааны бэлэн байдлын үзлэг шалгалт хийх, бэлтгэл, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хуулийн дагуу газар дээр нь хэрэгжүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 22-27-нд Мянгад, Дөргөн, Чандмань суманд хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.    

Ажлын хэсэг Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дүрмийг  сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж  хэрхэн хэрэгжүүлж байгааг хянаж, үнэлгээ хийжээ. Мөн гамшиг ослын үед хэрхэн ажиллах ур чадвар эзэмшүүлэх дадлага сургуулилт зохион байгуулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Тухайлбал, Дөргөн суманд ажиллахдаа, гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль зохион байгууллаа. Энэ үеэр “Яаралтай цуглар” дохиогоор тус сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын 81 удирдах бүрэлдэхүүн оролцжээ. Команд штабын сургуулийн хүрээнд цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах дадлага хийв.  

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед орон нутгийн иргэдийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох ажил хийх боломж, бололцоог тодорхойлох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, техник, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг чухал ач холбогдолтой гэж албаныхан мэдээллээ. 

Холбоотой мэдээ