Завхан аймаг генералуудаа алдаршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 11:39:03

Завхан аймаг Монгол Улсдаа хамгийн олон генерал цолтонтой.

Монгол Улсад 1944 оноос хойших 72 жилд 170 гаруй алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Харин үүний 21 нь Завхан аймгаас төржээ. Тиймээс Завхан аймаг генерал цолтнууддаа зориулан аймгийнхаа музейд тусгай танхим, генералуудын хөрөг бүхий хүндэтгэлийн талбай цогцолбор байгуулж генералуудаа алдаршуулжээ.

Дашрамд дуулгахад Монгол Улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал тэдний дунд Монгол Улсын маршал гурав, Армийн генерал хоёр, Хурандаа генерал найм, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 107, Бригадын генерал цолтон 28 байдаг. Харин хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ.  Мөн генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь ганц бий. Энэ нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ