Нацү башёд 22 монгол сумоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-30 12:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тэмцээн тавдугаар сарын 12-26-нд үргэлжлэх бөгөөд энэ барилдааны оноолтыг зарлажээ.


Энэ башёг өнгөрсөн гуравдугаар сарын /Харү башё/ түрүү бөх 69 дэх Их Хакүхо М.Даваажаргал манлайлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлах бол Озэки Гойэдо зүүнийг, Озэки Такаясү баруунд эрэмбэлэгджээ.


Зүүний удаах бөхөөр шинэ Озэки Такакейшо бичигдсэн бол өнгөрсөн башёд амжилттай барилдсан Сэкиваке Ичиножёо А.Ичинноров мөн зүүн жигүүрээс барилдана. Озэки Точиношин цол буурч барууны Сэкиваке болсон бөгөөд энэ башёд 10 болон түүнээс дээш давбал Озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Болгарын сумоч Айояама, Митакэүми нар Комүсүби цолтой байна.


Нацү башёд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулахад, Макүүчид: Хоёр Их аварга болон Ичиножёо А.Ичинноровоос гадна Тамаваши Б.Мөнх-Оргил /Маэгашира 3/, Дайшохо Шижирбаяр /Маэгашира 16/, Чиёошома Г.Мөнхсайхан /Маэгашира 17/ нар барилдах бол Жюүрёо зиндаанд: Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3, Азамарюү C.Тодбилэг барууны 4, Миторюү Б.Төрболд барууны 9, Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны 11, Араваши Э.Дөлгөөн зүүний 12, Сэйро А.Өнөболд барууны 14-т тус тус эрэмбэлэгджээ.


Харин Макүшитад: Хоошёорюү С.Бямбасүрэн барууны 4, Сакигаке Я.Баттүшиг барууны 16, Гоочёозан Д.Ууганбаатар барууны 20, Кёкүсоотэн Э.Энхманлай зүүний 33, Кагамио Б.Нанжид /зүүний 40/ нар хүч үзэх бол Сандамэд: Ёошояама Б.Анхбаяр барууны 9, Роога А.Амарсанаа зүүний 22, Саданохикари Д.Наранцогт барууны 35, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /зүүний 49/ нар барилдана. Жонидан зиндаанд: Дайтэнма Б.Чинзориг барууны 31-ээр тус тус эрэмбэлэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ