“Эрх чөлөө” ажиллагааны төгсгөлийн үе шатыг эхлүүлснийг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-01 00:23:33

МОСКВА. /RIA Novosti/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хууль бус Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагахад чиглэсэн “Эрх чөлөө ажиллагаа”-ны төгсгөлийн үе шатыг эхлүүлснийг мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдэл хийсэн дүрс бичлэгээ “Twitter” хуудсандаа байрлуулсан байна.


Гуайдо “сөрөг хүчний талд орсон Зэвсэгт хүчний гол хүмүүстэй уулзаж байна” хэмээн мэдээлээд, “засгийн эрхийг хууль бусаар булаан авсныг эргэлт буцалтгүйгээр эцэс болгоно” гэж батлан хэлжээ.


Үүний дараахан Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ, урвагчдын эсрэг эрх баригчид арга хэмжээ авч байна гэсэн байна. “Дистибуидор Альтамира замын уулзварт байрлаж, Үндсэн хууль болоод улс орны энх тайван байдлын эсрэг төрийн эргэлт хийхийг дэмжиж байгаа урвагч цэргүүдийн эсрэг яг одоо бид зогсож байна гэдгийг Венесуэлийн ард түмэнд мэдээлж байна” гэж Родригес “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Венесуэлийн Зэвсэгт хүчин “Үндсэн хуулийн талд” бат зогсож, хууль ёсны Ерөнхийлөгч Николас Мадурод үнэнч хэвээр үлдэнэ гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино мэдэгджээ.

 

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог мэдэгдэл хийсний дараа Каракасын гудамжинд буун дуу сонсогдсон тухай телевизийн "Caracol" суваг мэдээлсэн байна.


“Засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” гудамжинд гарцгаахыг цэргийнхэнд уриалж буй Гуайдогийн дүрс бичлэгийг авсан газар буюу Франсиско Мирандагийн нэрэмжит нисэх хүчний баазын орчимд буудалцаан болжээ. Дүрс бичлэгт Гуайдогийн хамт хэсэг бүлэг цэргүүд болон одоо гэрийн хорионд байгаа, сөрөг хүчний “Ард түмний хүсэл зориг” намын дарга Леопольдо Лопес гарсан байна.


Телевизийн "Caracol" суваг үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байгаа аж. Цэргийн уг объектоос холгүй газар нэг хүн тодорхой бус нөхцөл байдалд шархадсан тухай хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.


Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.


Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 


Холбоотой мэдээ