Н.Мадурогийн ойрын хүрээллийн хүмүүс сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-01 10:07:32

КАРАКАС. /BBC/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хүрээллийн гурван хүн "Ерөнхийлөгч эрх мэдлээ шилжүүлэн өгөх ёстой" хэмээн сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон байсан боловч хэлсэн үгнээсээ буцсан тухай АНУ-ын эрх баригчид мэдээлэв.


Н.Мадурогийн дэглэмийг дуусгавар болгоход туслалцаа үзүүлэхийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо цэргийнхэнд уриалсаны дараахан дээрх явдал болжээ. Х.Гуайдог дэмжигчид мягмар гарагт нийслэл Каракас хотын гудамжуудад гарч жагссан байна. Харин цэргийн хүчний удирдагчдын хувьд төрийн эргэлт хийхийг завдаж байна хэмээн Х.Гуайдог буруутгаж, Н.Мадурог дэмжсэн хэвээр байгаагаа илэрхийлсэн юм.


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хэлснээр, Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй гурван сарын турш хэлэлцээ хийсэн гурван хүний нэг нь Батлан хамгаалахын сайд Владимир Падрино ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр мягмар гарагт телевизийн сувгаар дамжуулан мэдэгдэхдээ, Н.Мадурод үргэлжлүүлэн үнэнчээр зүтгэхээ нотолжээ.


“Дээд шүүхийн ерөнхий шүүгч Майкель Морено, ерөнхийлөгчийн харуулын дарга Иван Рафаэль Эрнандес Дала нар дээр дурдсан хүмүүсийн дунд багтаж байсан. Тэд бүгд эрх мэдлийг тайван замаар Х.Гуайдод шилжүүлэн өгөхийг дэмжиж байсан” гэж Ж.Болтон нэмж хэлжээ. Гэсэн хэдий ч Н.Мадурод үнэнчээр зүтгэгчид түүнээс нүүр буруулахаар бэлтгэж байсан талаарх нотолгоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөх дэлгээгүй байна. 

Холбоотой мэдээ