Олимпын өдрийг угтаж “Буухиа гүйлт-2019” тэмцээн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-02 16:03:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ болон Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ноос хамтран өнөөдөр /2019.05.02/ "Буухиа гүйлт - 2019" тэмцээнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.


Энэ жилийн Олон улсын олимпын өдрийг угтсан олон нийтэд олимпизмыг сурталчилсан эхний ажил нь тус тэмцээн буюу хөнгөн атлетикийн өсвөр үеийн 2019 оны УАШТ болж байна. МҮОХ-ноос орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэний ойн баярт зориулж жил бүр спорт, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.


"Буухиа гүйлт - 2019" тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОА-ын ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүслээ.


 

Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцож байна. Нийслэлийн дүүргүүдийн Олимпийн зөвлөлөөс “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багуудаа оролцуулсан нь энэ тэмцээний нэг онцлог байв.


"Буухиа гүйлт" тэмцээнийг цаашид жил бүр МҮОХ-ны нэрэмжит болгон Олон улсын олимпын өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олимпизмыг сурталчлах зорилтын дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ