Монгол-Хятадын харилцаа: Хамтдаа үнэ цэнийг бүтээж, харилцан ашигтай байх зарчмыг эрхэмлэнэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-05-03 12:20:20


Монгол Улс ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн хугацаанд Монгол-Хятадын харилцаанд ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарсан бэ гэдгийг дүгнэж, ирэх он жилүүдэд ямар зарчмаар хамтран ажиллахаа тодорхойллоо.

Аливаа өндөр дээд хэмжээний айлчлалуудыг ажлын, албан ёсны, төрийн айлчлал гэж  гурван түвшинд ангилдаг. Түүхэн тэгш ойнууд тохиож буй энэ онд Монгол Улсын төрийн тэргүүн их хөрш Хятад улсад төрийн айлчлал хийсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1998, 2004, 2010 ба 2015 онуудад Хятад улсад айлчилж байжээ.

Энэ удаад хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсоор 3 дахь удаагаа уулзлаа. Өмнө нь, өнгөрсөн оны 6-р сарын 9-10-нд Хятадын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр, дараа нь мөн оны 9-р сарын 12-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр тэд уулзаж байв.

Энэ удаагийн төрийн айлчлалыг хоёр тал өндөр хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Хятадын тал Ерөнхийлөгч Х.Баттулгыг халуун дотно угтан авлаа. 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд төрийн айлчлал болж, дараагийн хоёр өдөр нь Монгол Улсын төрийн тэргүүн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон юм.    

“Бүс ба зам” чуулга уулзалтад оролцохоор 150-иад орны төлөөлөгчид ирсний дотор 37 улсын төр, засгийн тэргүүн нар байв. Чуулганы өмнөх өдрүүдэд 6 улсын төр, засгийн тэргүүн нар Хятад улсад төрийн айлчлал хийсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал байлаа. Олон улсын чухал чуулга уулзалтын өмнөхөн уг айлчлалыг зохион байгуулсан нь БНХАУ-ын зүгээс Монгол Улстай харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байна.

Айлчлалын үеэр Х.Баттулга, Си Жиньпин нар хэлэлцээ хийх явцдаа “Хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч бэхжиж байгаа нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд гарсан бодит үр дүн мөн” гэж дүгнээд цаашид түншлэлийн харилцааг бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Хамтдаа шинээр үнэ цэнийг бий болгож, үр шимийг нь шударга хүртэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Хятад улстай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын дипломат үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг байсаар ирсэн” гэж онцлон тэмдэглэснийг Хятад улсын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээнд дурдсан байна. Монгол Улсын хувьд “Нэг Хятад” бодлогыг дэмждэг гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нотлоод, Тайвань, Төвөд нь Хятадын нутаг дэвсгэр бөгөөд Тайвань, Төвөдтэй холбоотой асуудлууд бол Хятад улсын дотоод хэрэг мөн гэж хэлснийг “Сhina Daily”сонинд мэдээлжээ.

БНХАУ-ын дарга “Хоёр орон улс төрийн зөв чиглэлийг баримталж, бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биеэ хүндэтгэж, харилцан итгэлцлийн зарчимд тулгуурлан стратегийн түншүүд болох хэрэгтэй. Цаашид хоёр талын төлөөлөгчдийн айлчлалыг тогтмол зохион байгуулж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх нь зүйтэй” гэж хэлснийг “China Daily” сонинд мөн иш татсан байна.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Хятад, Монголын харилцааны зөв чиглэлийг хадгалан, улс төрийн үндсэн суурийг бодит үйл хэргээр хамгаалж, "Бүс ба Зам", "Хөгжлийн зам"-ын төслүүдийг хооронд нь уялдуулахын тулд тодорхой арга хэмжээ авахаар санал нэгдлээ.

Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд, БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй  тусламж болон зээлийг богино хугацаанд үр дүнтэй ашиглах талаар илүүтэй анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хоригийг цуцлах, зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцлийг бүрдүүлэх зэрэг Монголын талын тавьсан саналуудыг БНХАУ-ын дарга Си Жиньпин хүлээн авч, тухайн асуудлуудыг судлах ажлын хэсэг гарган ажиллуулна гэдгээ амлалаа.

Айлчлалын явцад хоёр тал нийтдээ 20 баримт бичигт гарын үсэг зурсны дотор засгийн газар хоорондын ба агентлагуудын хооронд байгуулсан 8 хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд хоёр улсын удирдагчид байлцлаа. Харин Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол тусдаа болжээ. Энд нэг зүйлийг онцолвоос, Монголын засгийн газар ямар нэгэн зээл авч үйлдвэрүүд байгуулахгүй бөгөөд хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтарсан үйлдвэрүүд барихдаа бүх эрсдэлээ өөрсдөө үүрэх аж. Тухайлбал, манай улсын “Эрдэнэс стийл” компани Хятадын талтай хамтран кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барихаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хятадын банкнаас зээл авч байгуулах уг гангийн үйлдвэр бүрэн баригдаж дууссанаар жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх бөгөөд энэ үед Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг ашиглалтанд оруулчихсан байхаар тооцжээ. Ингэснээр тус хамтарсан үйлдвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой болно.

Түүнээс гадна, “Шинэ Амгалан хороолол”-ыг барих гэж буй “Гангар инвест” компани Хятадын банкнаас зээл авахаар тохиролцлоо. “Мошеа эко энержи” компани Шинэ Нисэхийн хажууд барьж байгаа 50 Мвт-ын 65 сая долларын өртөгтэй нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжөө зээлээр авч байгаа бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барихад шаардагдах 550 сая долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бүхэнд засгийн газрын зүгээс ямар нэгэн баталгаа гаргахгүй бөгөөд эрсдэлийг хэлэлцээр байгуулсан компаниуд хариуцах юм.  

Үүнтэй холбоотойгоор зарчмын хувьд цоо шинэ нэгэн санааг төрийн айлчлалын үеэр дэвшүүллээ. Энэ бол “Хамтдаа шинээр үнэ цэнийг бий болгож, үр шимийг нь тэгш шударгаар хуваан хүртэж, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллацгаая” гэсэн зарчим юм.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс байнга тусламж авч байдгийг багасгая, ер нь цаашдаа улс орнууд бие биедээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж өгөхөөсөө илүүтэй хамтран ажиллаж, үнэ цэнийг хамтдаа бий болгоё гэсэн санаа. 

Гэхдээ энэ нь тусламж огт авахгүй гэсэн үг биш бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Энэ мөнгө бол Хятадын талаас өгөхөөр амласан 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаас 2019 онд олгох хэсэг нь юм. 

Нөгөөтэйгүүр, Х.Баттулга, Си Жинпинь нарын уулзалтын явцад талууд зарчмын нэгэн чухал асуудал ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд хоёр тал маш олон асуудлыг ярьж хэлэлцсэн бөгөөд олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож байсан. Гэтэл тэдгээрээс нэлээд нь ажил хэрэг бололгүй сунжирч байгаа нь үнэн. Ийм учраас тодорхой судалгаа хийсний үндсэн дээр хэрэгжих боломжтойг нь цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлье, боломжгүйг нь цаг алдалгүй зогсооё гэсэн байр суурьтай байгаагаа хоёр тал илэрхийллээ.   

“Супер сүлжээ”-г Хятад улс дэмжихээ илэрхийллээ

Уулзалтын үеэр “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” байгуулах, уг сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн  санаачилгыг БНХАУ дэмжихээ илэрхийллээ. Энэ санаачилга бол бүс нутгийн интеграцийн үйл явцад Монгол Улсын оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхойлж чадахуйц далайцтай том төсөл билээ.

Манай улс нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааныг ашиглан 2.6 тераваттын хүчин чадал бүхий эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож чадна гэдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, манай орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Мөн жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Өмнөд Солонгос, Японд нийлүүлэх боломж байгаа нь харагдаж байна. 

Хятадын удирдлага дэлхийн хэмжээний эрчим хүчний супер сүлжээг бий болгох талаар ярьж буй энэ үед  манай улсын санаачилсан Зүүн Хойд Азийн эрчим хүчний сүлжээг уялдуулах байгууллага байгуулах санаачилга дээр  Монгол, Хятадын талууд харилцан ойлголцож чадлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцогчдод хандан хэлэхдээ бүс нутгийн орнуудын төр-хувийн хэвшлийн олон талт түншлэлээр хэрэгжих “супер сүлжээ”-ний төсөлд идэвхтэй оролцож, хамтран ажиллах”-ыг уриалсан юм.   

“Бүс ба зам” дахь Монгол Улсын оролцоо

Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ “Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд асар хурдацтай хөгжин, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж чаджээ. Улмаар энэхүү амжилтаасаа хуваалцахаар “Бүс ба зам” санаачилгын уулзалтдаа “Хамтдаа хэлэлцэх, хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн илүү прагматик уриа дэвшүүлсэн нь орчин цаг үетэйгээ нийцэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс “Хөгжлийн зам” хөтөлбөрөө “Бүс ба Зам” санаачилгатай холбож, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллана гэж Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсын дарга Си Жинпиньтэй уулзах үеэрээ хэллээ.  Монгол Улсын төрийн тэргүүн өнгөрсөн онд Владивосток хотноо болсон гурван улсын удирдагчдын дөрөв дэх уулзалтын үеэр Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай тохиролцсон билээ. 

“Бүс ба зам” санаачилгад уялдаж буй Монгол Улсын чухал ажлын нэг бол Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор билээ. Ази Европыг холбосон эх газрын дэд бүтцийг барьж байгуулах нь “Бүс ба зам”-ын хамгийн гол зорилго юм. Хятад-Европын хооронд хийгдэж буй дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн 20 хувийг Монгол-Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замаар нэвтрүүлж байгаа. Монголын талын хувьд энэ хувийг өсгөх боломжтой бөгөөд уг асуудлыг Х.Баттулга, Си Жинпинь нарын уулзалтын үеэр зориуд хөндөн ярилцсан байна. 

Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол Улс  сүүлийн жилүүдэд дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр чамгүй амжилт олсон” гэдгийг дурдсан юм. Тухайлбал, орон нутгийг цахилгаан эрчим хүч, интернет сүлжээ болон 6000 орчим км автозамаар холбож дууссан бол энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байгааг Монгол Улсын төрийн тэргүүн дуулгалаа. Нэг км.кв газар нутагт хоёрхон хүн амьдардаг,  дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд  өөрийн хүчээр дэд бүтэц байгуулах нь томоохон сорилт билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга үгийнхээ төгсгөлд “Монголчуудын бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн Хойд Азийн асар том зах зээлд нэвтрэх”-ийг далайд гарцгүй улс орнуудад уриалсан нь өвөрмөц содон сонсогдож байлаа.  

Монгол Улсын далайд гарах нэг гарц нь Цаофэйдянь боомт

БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэбэй мужийн Таншань хотод зочилж, тус хот дахь Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-ийн зайд байрлах уг боомт нь Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг бөгөөд Хятадын хойд болон баруун хойд бүс нутгийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм. 194 мянган га талбай бүхий тус боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрсийг нэвтрүүлэн гаргах хүчин чадалтай. Нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, чингэлгийн 10 зогсоол бүхий тус боомтын ачаа эргэлтийн хэмжээ нь 2017 оны байдлаар 370 сая тоннд хүрчээ.

Монгол, Хятад улс транзит тээврийн хэлэлцээрийг 2014 онд байгуулсан боловч Хятадын тал соёрхон батлаагүй байгаа. Харин “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ээр Хятад улсын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсон  бөгөөд Цаофэйдянь бол эдгээр боомтуудын нэг нь юм.  

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ хамгийн их түгжрэлтэй, зардал өндөртэй төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь түгжрэлгүй замаар тойрч явдаг давуу талтай ажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ярьснаар, Цаофэйдянь боомтод нүүрсээ хүргэхийн тулд заавал угаасан байх ёстой гэнэ. Ийм учраас Сайншандын төмөр зам ашиглалтад орсны дараа тэнд Тавантолгойн нүүрсийг угааж, Хятадын Эрээн боомтоор гаргах юм. 2020 оны сүүлчээр Ханги-Мандалын төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ замаар нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр зөөн Цаофейдянь боомтод хүргэхээр тооцжээ. Ингэснээр Замын Үүд-Эрээний боомтоор зөвхөн ердийн ачаа тээвэрлэх юм.  Харин төмөр замын тээврийн тарифыг хөнгөлөх асуудлыг талууд 2014 оноос хойш ярилцаж байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр, тэрбээр энэ удаагийн айлчлалынхаа үеэр Хятад улсын даргатай уг сэдвийг хөндөн ярилцсан бөгөөд БНХАУ-ын тал тарифын асуудлыг анхааралдаа авлаа гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, транзит тээврийн тухайд Хятадын талаас шалтгаалах асуудал ч байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлж байлаа. Тодруулбал, Эрээний төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй байгаагийн улмаас ачаа түгжирч байгааг Монголын талаас Хятадын талд уламжиллаа. Цаашдаа Эрээн-Жининий чиглэлийн 200 км замын өргөтгөлийн ажил дуусгасан тохиолдолд уг бэрхшээл арилах юм.

Эцэст нь төрийн айлчлалын ач холбогдлыг товчхон дүгнэхэд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол-Хятадын харилцаанд ямар ахиц дэвшил, өөрчлөлт гарсан бэ гэдгийг талууд дүгнэн хэлэлцсэнээс гадна ирэх он жилүүдэд ямар зарчмаар хамтран ажиллах вэ гэдгээ тодорхойлсон нь хамгийн бодит үр дүн юм.   

Б.Адъяахүү    

Холбоотой мэдээ