НҮБ: Мозамбикт олон мянган хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-05-03 12:43:32

МАПУТУ. /AP/. Мозамбикт “Кеннет” хар салхи дэгдсэний улмаас 190 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа тухай НҮБ-ын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдээлснээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн гуравдугаар сард “Идай” хар салхи дэгдсэний дараа Бейра бүс нутагт ажиллуулсан мэргэжилтнүүдийг багийг дахин томилсон ажээ.


Гуравдугаар түвшний хар салхинд удаа дараа нэрвэгдсэн өмнөд Африкийн оронд булчин задрах тахал буюу холер дэгдэх эрсдэл өндөр байгаа бөгөөд үүнийг зохицуулах чиглэлд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ДЭМБ онцолжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрүүл мэндийн 17 байгууламж сүйдсэн байна.


ДЭМБ үнэлгээ гаргах чиглэлд Мозамбикийн Эрүүл мэндийн яамтай, майхан, ус цэвэршүүлэх төхөөрөмж болон бусад хангамжийг нийлүүлэх чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байгаа ажээ.


Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур Мозамбикийн төвийн нутгаар “Идай” хар салхи дэгдсэний улмаас 600 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Малави, Мозамбик, Зимбабвед амиа алдсан хүмүүсийн тоог нэгтгэвэл 1000 давжээ. 

Холбоотой мэдээ