Тарваган тахлаар өвчлөөгүй нь тогтоогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-06 16:01:57

Увс /МОНЦАМЭ/. Өчигдөр орон нутгийн 15 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүний тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлсэн юм. 

Энэ дагуу аймгийн Онцгой комисс орой нь хуралдаж, шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, өвчтөний биеэс дээж авч сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори руу өчигдөр хүргүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн 13 цаг 15 минутад лабораторийн шинжилгээгээний хариу гарсан байна. Уг шинжилгээгээр хүний тарваган тахлын өвчин биш хэмээн онош үгүйсгэгджээ. Энэ дагуу Улаангом суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмүүдийг цуцлаад байна. Иймээс маргаашнаас эхлэн Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж. Мөн Улаангом сумаас гарах хөдөлгөөн, хүнс, барааны зах, зах дээр байрлах Төрийн банкны салбарын үйл ажиллагаа ч хэвийн явуулах юм байна.

Ямартай ч лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд Улаангом сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллалаа.  

Өвчтөний биеийн байдал хүндэвтэр хэвээр байна. 

Холбоотой мэдээ