Инновацын үзэсгэлэнд 80 гаруй байгууллага шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-07 16:18:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Аяныг тохиолдуулан Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын үйлчилгээг бий болгох, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой эл үзэсгэлэнг МҮХАҮТ-д нээлээ.  

Үзэсгэлэнд дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, инновацын үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 80 гаруй байгууллага оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр инновацийн судалгаа хөгжүүлэх ажлуудыг эдийн засгийн эрэлтэд хэрхэн нийцүүлэх, үзэсгэлэнд оролцогчдын оюуны өмчийг зах зээлд нэвтрүүлэх талаарх нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм.

 Мөн бизнесийн салбарт амжилттай яваа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцон зөвлөмж гаргах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг оролцогч талуудыг уулзуулж, нээлттэй мэдээлэл солилцох боломж олгож буйгаараа тус үзэсгэлэн онцлог болж байна.

Энэ үеэр инновацын шилдэг бүтээгдэхүүн, инновацын шилдэг үйлчилгээ, олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг шалгаруулах бөгөөд олон улсын байгууллагын төлөөлөл шүүх юм.





Холбоотой мэдээ