ЭЕШ-ын материалыг шууд засах 50 машиныг хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-09 12:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд ирэх сарын 17-20-нд зохион байгуулах ЭЕШ-д шууд засах технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг /cкантрон/ засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй юм.

Тус төслийн санхүүжилтээр шалгалтын материалыг шууд засахад хэрэглэх машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсын дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэсэн байна. Эдгээр ирэх сард Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах ЭЕШ-ыг  шууд засах ажлыг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага дор хариуцан гүйцэтгэх юм.

Шууд засах технологи нэвтэрснээр:

1. Шалгуулагчид өөрийн авсан анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно.

2. Шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно.

3. Нийгэмд шалгалтын засалт, үр дүнгийн талаар үүсдэг таагүй ойлголт, хардлага арилна.

4. Шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болно. Жишээлбэл, Шалгуулагчид авсан оноогоо мэдэхийн тулд шалгалтын төвд дахин ирэх зардал, шалгалтын материалыг засахын тулд шалгалтын чиглэл бүрээр цагдаагийн хамгаалалтын дор 14 хоногоор ажилладаг байсан зардлыг жил бүр хэмнэнэ.

5. Их, дээд сургуулийн элсэлтийг эрт буюу 6 дугаар сард багтаан  зохион байгуулах боломжтой болно.   

               

Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын шууд засах үеэр гарч болох эрсдэлийг нарийвчлан тооцоолж, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.


Холбоотой мэдээ