Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-05-09 17:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.


Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар бороо, хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, сэрүүсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг Цаг уур, орчны хүрээлэнгийн газар малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.

Холбоотой мэдээ