Амралтын өдөр замын ослоор гурван хүний амь хохирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд 494 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 376 зөрчлийг шалгажээ. Эдгээр ослын улмаас нийслэлд 12 хүн бэртэж, орон нутагт гурван хүний амь хохирчээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 11-ний 17 цагийн орчимд Хандгайтын зам, Янзага зуслангийн баруун урд замд "T.Racris" загварын автомашин "Lexus 570" автомашинтай мөргөлдөж, 20-25 насны зорчигч 3 хүн бэртжээ. Мөн өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг "Саахарын рашаан" гэх газар засмал замд "H.Avante" загварын автомашин замын хажуугийн хад мөргөж, 49 настай жолооч амиа алдаж, нэг хүн бэртжээ. Дээрх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна.