Бүх нийтээр мод тарих өдрүүдээр 39700 мод, бут тарьжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-13 14:19:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу өвөрхангайчууд бүх нийтээр мод тарих өдрүүдийг үр дүнтэй, идэвх зүтгэлтэй өнгөрүүллээ.

Мод тарих ажилд 116 аж ахуйн нэгж, байгууллага, 2385  иргэн оролцож, 11990 мод, 27710 бут сөөг буюу нийт 39700 мод бут тарьсан байна. Үүнээс Арвайхээр хотод 75 аж ахуйн нэгж, байгууллага,1964  иргэн оролцож, 7000 мод, 18300 бут, сөөг буюу нийт 25300 мод, бут тарьжээ. Дэлгэрэх голын дагуу шинээр байгуулсан 3.8 га талбайд 3 мянган улиас тарих ажлыг 49 байгууллагын нэгжийн 950 гаруй ажилтан, албан хаагчид гардан хийсэн юм.

Аймагт мод, үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж, 3 иргэний зүгээс 20 гаруй нэр төрлийн 9800 ширхэг суулгацыг иргэдэд борлуулж, 8.5 сая төгрөгийн орлого олсон байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр иргэд гоёлын мод сөөг, жимсний мод бутыг илүү ихээр худалдан авчээ.

Аймгийн Засаг даргын зүгээс сумдад ногоон байгууламж дагнан хариуцсан цэцэрлэгжүүлэгчийн орон тоо бий болгож,  ажиллуулах үүргийг өгсөн бөгөөд мод, бут тарих, арчилж ургуулах, засаж танаж хэлбэржүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод богино хугацааны сургалтад хамруулсан байна.

Холбоотой мэдээ