МОНЦАМЭ агентлагийн гар бөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-13 14:13:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойд зориулан хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд МОНЦАМЭ агентлагийн баг хүрэл медаль хүртлээ.


Өнгөрсөн /2019.05.11-12/ амралтын өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт цогцолборт хоёр төрлөөр болсон тус тэмцээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Монгол ньюс” медиа групп, Хэвлэлийн төлөөлөгчдийн баг, МОНЦАМЭ агентлаг, Сайтын холбоо, ETV, TV5, C1, Монгол HD, SBN, SPS телевиз, 24цаг.мн, “Зиндаа” сайт, сэтгүүл, Үндэсний шуудан, Ардчилал таймс, Шуурхай зар сонин зэрэг 40 багийн 400 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээний шагналын сан нь 20 сая төгрөг байсан бөгөөд сагсан бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд SPS телевизийн хоёрдугаар баг түрүүлж, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг мөнгөн медаль, SPS телевизийн нэгдүгээр баг хүрэл медаль хүртлээ. Шилдэг тоглогчоор SPS телевизийн хоёрдугаар багийн тамирчин Ц.Эрдэнэбаясгалан шалгарав. Гар бөмбөгийн эрэгтэй багийн төрөлд ETV-ийн баг нэгдүгээр байрт шалгарч, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг мөнгөн медаль, МОНЦАМЭ агентлагийн баг хүрэл медаль хүртэж, ETV-ийн дууны найруулагч Ш.Энх-Оргил шилдэг тоглогч болсон.


Сагсан бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд гуравдугаар байрт “Шуурхай зар” сонин, дэд байрт Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн баг шалгарч, харин МҮОНРТ-ийн нэгдүгээр баг аваргалсан. Мөн МҮОНРТ-ийн нэгдүгээр багийн тамирчин Т.Хишигбаяр шилдэг тоглогч боллоо.


Гар бөмбөгийн эмэгтэй багийн төрөлд МҮОНРТ-ийн нэгдүгээр баг аваргалсан бол “Үндэсний шуудан” сонины баг мөнгөн медаль, МҮОНРТ-ийн хоёрдугаар баг хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор MNB нэгдүгээр багийн тамирчин Оюунцэцэг шалгарлаа. 

Холбоотой мэдээ