Сүүлийн хагас зуунд мазаалайн тоо толгой 50 хүрсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-13 21:50:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 50 хүрэхгүй мазаалай бий гэсэн дүн гарчээ. Тиймээс монгол хүн бүр мазаалайг хамгаалахад хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг өнөөдөр МУИС-ийн номын санд болсон хэлэлцүүлгийн үеэр олон улсын судлаачид онцолж байлаа.


“Мазаалай баавгай хамгаалал болон олон нийтийн оролцоо” сэдэвт уг хэлэлцүүлэгт баавгай судлал, хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. Үүнд, Норвеги улсын эрдэмтэд ч хүрэлцэн ирж, өөрийн орны баавгай хамгаалах туршлагаас хуваалцлаа. 



МУИС-ийн Биологийн хүрээлэнгээс ноднин мазаалай байдаг бүс нутагт 56 ширхэг камер суурилуулжээ. Ингэхдээ мазаалайн усанд хамгийн ихээр ирдэг 6,7 дугаар сарын үеэр, худгийн ойролцоо камер тавьсан байна. Судалгааны үр дүнд, камерт 36 мазаалайн ялгаатай дүрс бичигдсэн тухай тус хүрээлэнгийн профессор Р.Самьяа илтгэлдээ дурдав. 



Тэрбээр, “Мазаалай нь Монголд төдийгүй дэлхийд ховор амьтан. Тиймээс монгол хүн бүр мазаалайг хамгаалахад хариуцлага хүлээх үүрэгтэй. Ховор амьтныг хамгаалахад, тухайн амьтны ховордсон шалтгаан, аврах боломж зэргийг шинжлэх ухааны үүднээс судлах нь зүй. Шөнийн амьдралтай цөөхөн амьтны нэг мазаалайг судлахад бэрх байдаг. Тиймээс 2013 оноос камер байршуулж, мазаалайн талаар тодорхой мэдээлэл авч байна. Ноднин манай сургуулийн эрдэмтэд баавгайн усанд хамгийн их очдог 13 цэгт 56 камер байрлуулсан. Хоёр сарын хугацаанд камерт 36 баавгай бүртгэгдсэн. Үүнээс манай улсад 50 хүрэхгүй мазаалай бий гэсэн үр дүн гарсан” гэв.


Монгол Улсад албан ёсоор бүртгэж, хүзүүвчилсэн 25 мазаалай байдаг аж. 


Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий. АИХ -ын тэргүүлэгчдийн 1953 оны тогтоолоор дархан цаазтай амьтны тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. Хожим 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. “Улаан ном” -д бүртгэгдсэн мазаалайн тоог харвал, 1960-аад онд 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, сүүлийн үед 50 орчим гэж тэмдэглэжээ. 


Нэн ховордсон энэхүү амьтныг хамгаалахад олон нийтийн оролцоо хамгийн чухал гэдгийг “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Батболд хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм. Тус ТББ мазаалай хамгаалах чиглэлээр 2005 оноос ажиллаж байгаа аж. 



Хэлэлцүүлгийн үеэр “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Батболдтой уулзаж, мазаалай баавгайн хамгаалал, судалгааны талаар ярилцав.


-Нэн ховордсон говийн мазаалайг өсгөх, хамгаалах ажилд олон нийт хэрхэн оролцож байна вэ?

-Сүүлийн үед, олон нийт мазаалай баавгайн тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн сав байрлуулах зэрэг ажлыг хийж эхэлсэн. Мөн Говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны автомашиныг тоноглож, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулах зэрэг маш олон санаачилга өрнүүлж байна.  


-Норвегийн эрдэмтэд хуралд ирсэн байна. Говийн мазаалайг хамгаалахад тэд ямар санал санаачлага дэвшүүлж байна вэ? 

-Дэлхийд баавгайн найман төрөл байдаг бөгөөд 36 оронд баавгай бий. Үүнээс мазаалай нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан. Үүнд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Мазаалайг хүрэн баавгайгаас салсан төрөл гэж үздэг. Энэ талаар Норвеги болон Монголын эрдэмтэд судалж байгаа. Тиймээс энэхүү хуралд Норвегийн эрдэмтэд хүрэлцэн иржээ. Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр 2021 онд олон улсын томоохон уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 


-Мазаалайг хамгаалахад танай хөдөлгөөн ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газраас Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2014 онд баталсан. Энэ дагуу манай хөдөлгөөн АНУ-ын Азийн сантай хамтран Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Говийн дархан цаазат газар, УУХҮЯ-тай хамтран байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө гаргасан. Үүнд нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулсан. Одоогоор энэхүү менежментийн хүрээнд олон ажил төлөвлөн ажиллаж байна. 


-Мазаалайн тоог нарийвчлан тогтоох боломж бий юу. Мазаалайн тоо толгойг өсгөхөд, тухайлбал ямар ажил хийж байна вэ?

-1965 оноос мазаалайн тоо толгойг тогтоохыг оролдож иржээ. Түүнээс хойш мазаалайн тоо өсөхгүй, буурахгүй жигд байна гэсэн судалгаа бий. Сүүлийн 20 гаруй жил мазаалай баавгайг агнасан хууль бус хэрэг гараагүй ч, 2013 онд Сэгс цагаан богдын Хатуу булаг гэх газар хоёр мазаалай тэжээлээ булаацалдаж, улмаар нэг нь эндсэн харамсалтай зүйл болсон. Тухайн газрыг үзвэл, нэг тэжээлийн сав байрлуулсан нь харагдсан. Тиймээс олон нийтийн санаачилгаар, тэжээлийн сав нэмж байрлуулах ажлыг дорвитой хийж эхэлсэн. Ингэснээр хавар, намрын цагт тухайн саванд тэжээл хийж орхих болсон. Бид мазаалайн амьдрах орчныг сайжруулах, устай баянбүрд болгож чадвал байгалийн жамаараа тоо толгой нь өсөх боломжтой гэж үзсэн.


-Мазаалайн баавгайн тоо өсөхгүй, хорогдох шалтгаан нь юу гэж үзсэн бэ?

-Мазаалай нь говийн эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн нөхцөлд амьдардаг онцлогтой. Тиймдээ ч 11 дүгээр сарын дунд үед ичээндээ ордог. Энэ үеэр хүнс, тэжээл нь хомс болж, тарга, тэвээрэг аваагүй мазаалай ичээндээ өлбөрч үхэх аюул тулгардаг. Мөн эмэгчин мазаалай хавар ичээндээ төллөж, бамбаруушаа сүүгээр тэжээдэг. Ичээнээсээ гарах үеэр мөн л идэш, тэжээл хомс байдгаас үхлийн аюултай тулгарч байна. Тиймээс биотехникийн ажиллагаа явуулж, хаврын улиралд идэш, тэжээлийг нь тавьж өгөөд байвал мазаалайн тоо цөөрөх эрсдэлээс хамгаална.


Мазаалайн амьдрах орчин тойрны хулс, бутан шугуйг хадах, түймэрдэх, хүн мал эзлэх зэргээр үргээн дайжуулж, хоол тэжээлийн хомсдолд оруулж байгааг хэлэлцүүлгийн үеэр зарим судлаач хэлж байсан юм. Мазаалай баавгай нь махчин амьтан боловч, хоол тэжээлийн нь 70 хувь нь ургамал, 30 хувь нь бусад жижиг төрлийн амьтнаар хооллож байгааг судалгаа харуулжээ. Мөн хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед мазаалай турж үхэх нь элбэг байдаг аж. 


Холбоотой мэдээ