"Увс нуурын шувуудын өдөр" аялал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-15 15:22:58

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас Дэлхийн шувуудын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Увс нуурын шувуудын өдөр" аяллыг Монголын ирвэс төв”-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Аялалд орчны бүсийн долоон сумын ЕБС-ийн 27 сурагч, 3 багш, ОХУ-ын Тува Улсын Увс нуурын хотгорын шим мандлын ДЦГ-ын мэргэжилтнүүд, шувуу сонирхогчид болон хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид хамрагдсан байна.

Аяллын үеэр сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн, фото зургийн уралдаан, мюзикл үзүүлбэр, шувууны үүр бүтээх зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулжээ. Энэ жилийн аяллыг зохион байгуулахад ШУА-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын ирвэс төв”-ийн тэргүүн доктор, дэд профессор Б.Мөнхцогт болон ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр нар туслалцаа үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ